images

Ц.Баттулга: Турк хэлнээс түрэг хэл хүртэл

Д.Бизьяа

Хэлтэй бол хөлтэй

2025-04-09


МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн түрэг судлалын багш, доктор, профессор Ц.Баттулга манай сайтын “Хэлтэй бол хөлтэй” буланд уригдаж, турк хэл, түрэг судлалын онцлог, сонин содон зүйлсийн тухай, энэ хэлийг хэрхэн сурсан тухайгаа хүүрнэснийг толилуулж байна.

   Би өөрөө Баян-Өлгий аймгийн Алтайн урианхай хүн. Манай Баян-Өлгийд түрэг угсаатнуудын төлөөлөл болсон казах үндэстнүүд суудаг. Тийм учраас казах хэлнээс эхлээд л түрэг хэлний анхны мэдэгдэхүүнтэй болсон хэрэг. Казах хэл, түрэг хэл хоёр гарал үүсэл нэгтэй. Аливаа нэг угсаатан, ард түмний хэлийг дотор нь ангилж хуваадаг зарчим байна. Дэлхий дахинд XIX зууны сүүл үед Монголын нутгаас руни бичгийн дурсгал олдсоноор түрэг угсаатны хэл аялгууг судлах ажил эрчимтэй эхэлсэн юм. Ялангуяа XIX зууны сүүл, XX зууны эхэн үеийг тэр чигээрээ түрэг хэл аялгууг судлах ажил өрнөсөн үе гэж үзэж болно. Үндсэн яриандаа оръё.

Бие дааж хэл үзэв

   1990 онд би оюутан болж ирээд МУИС-ийн түүхийн ангид орлоо. Ах маань түүхч байсан болохоор сургуульдаа ороод удалгүй түүхийн ангиа солиод монгол хэлний ангид шилжлээ. Тэгтэл “эх бичиг судлал”-ын анги гэж нээгдэв. Ингээд энэ шинэ ангийн анхны оюутан болж байлаа. Эх бичиг-Алтай судлалын тэнхимийн анхны оюутан, төгсөгч гэдгээрээ бахархах дуртай. Л.Тэрбиш багш манай ангийн багш, тэнхимийн эрхлэгч нь Ш.Чоймаа багш, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал Ц.Шагдарсүрэн багш байлаа. Ёстой л эрдмийн оргил болсон сайхан багш нараар хичээл заалгасан хувьтай байсандаа баярладаг юм. Ц.Шагдарсүрэн багш захирал байхдаа “Монгол судлаач” бэлтгэхийн тулд тэр хүнд хэцүү үед алсыг харсан маш оновчтой бодлого явуулж байжээ гэж боддог. Л.Тэрбиш багш төвд хэл, М.Баярсайхан багш манж хэл, Х.Дамдин багш англи хэл, Ц.Ганбаатар багш хятад хэл зааж биднийг хэл хэлний захтай болгох хичээж байжээ.

   Ц.Шагдарсүрэн багш намайг угсаатны зүй, нэн ялангуяа монгол, түрэг угсаатны чиглэлээр дагнан суралцах, судлах чиглэл гаргаж, Х.Нямбуу багшийг дагалдуулж, багшаар хичээл заалгах хөтөлбөр гаргаж, турк хэл үзэх хэрэгтэй гэсэн юм. Угсаатны зүйн тухайд жич ярья, харин турк хэлний тухайд гэвэл 1945 онд хэвлэгдсэн орос сурах бичиг авч, бие даан оролдож эхэлсэн дээ. Турк хэлийг кабинетаар системтэй заадаг анги байтугай, Турк улсын талаар тодорхой мэдээлэл ч байсангүй. Орос хэлнээс Б.Ринчен гуайн дам орчуулсан Назим Хикметийн турк шүлгийн түүвэр л байв. Өөр ямар ч ном, сурах бичиг монгол хэлээр байхгүй. Харин оросоор гарсан турк хэлний хэл зүйн судалгааны ном олдоод байдаг байсан. За тэгээд нөгөө сурах бичгээ бариад, цагаан толгойноос нь эхлээд үзсэн дээ. Багадаа олж авсан түрэг хэлний бага сага ойлголттой болохоор монгол хэлтэйгээ харьцуулаад, бусад Алтай хэлний бүтэцтэй харьцуулаад үзэхээр өнгөрсөн, одоо, ирээдүй үйлийн гурван цагийг нь ойлгоод, цаашлаад нухаад байхаар ярианы хэл нь нэг иймэрхүү анзааны юм байна, бичгийн хэл нь ингэдэг юм байна гээд ойлгоод ирлээ.

   Түүндээ урамшаад руни бичгийн судалгаа гэх мэтийг эртний түрэг хэлний номуудаас харьцуулж үзээд эхэлсэн чинь маш сонирхолтой санагдаад явчихлаа. Өөрөөр хэлбэл нэг талаасаа орчин цагийн турк хэл үзээд нөгөө талаас эртний түрэг хэл үзээд, улмаар түрэг угсаатны бусад хэл ямар байдаг юм бол гэж сонирхоод узбек, казах, тува, киргиз, якут зэрэг түрэг хэл, аялгууны том, бага орос толь худалдаж авч цуглуулж эхэлсэн. Ер нь оюутан байхдаа ном их л худалдаж авдаг байжээ. Зах зээлд дөнгөж шилжиж байсан болохоор энд тэндхийн номын сангийн акталсан номыг хямдхан зарна, шуудайгаар нь худалдаж авдаг байлаа шүү дээ.

Арга нарийсав

   Ингэж нухсаар байгаад, одоо ярихад ичмээр ч өөртөө бяцхан ажиглалт, нээлт хийв. Казах, киргиз хэлэнд ж (j) гийгүүлэгч, харин уйгар, узбек, турк хэлэнд ё, якут, тува зэрэг Саян Алтайн хэлүүдэд ч гэж дууддаг болохыг анзаарсан. Оюутны хувьд нэгэн агшны нээлт байсан ч Алтай хэл шинжлэлийн ном уншсан чинь харин тэнд бүгдийг нь аль хэдийнээ тодорхойлчихсон байсан. Жишээ нь зам гэдэг үгийг жол, йол, чол гээд, одыг жылдыз, жылдыз, йылдыз, чылдыз гэх мэтээр гийгүүлэгч авианы сэлгэцээр таагаад түүнийгээ толь харж батлах ч бас сонирхолтой. Нэг хэл сурна гэдэг зөвхөн тухайн хэлийг сурахаас гадна төрөл хэл, аялгууных нь онцлогийг мэдчих юм бол тухайн хэлний талаар илүү өргөн ойлголттой болдог. Ганц хэлийг нухах биш төрөл хэл аялгуутай харьцуулаад үзээд ирэхээр нэгдүгээрт уйдахгүй, хоёрдугаарт нөгөө хэлнүүдийн онцлогийг хараад улам сонирхолтой болоод ирдэг юм байна. Энэ үедээ Орост гарсан турк хэлний яриатай 20 минутын кассет олж авав. Ярианы хэлээ сайжруулах гэж тэр кассетыг сонссоор байтал сүүлдээ элэгдээд олигтой сонсогдохоо ч больсон. Тэгээд нэг иймэрхүү маягаар ярих ёстой юм байна гэсэн баримжаатай болоод авлаа. Нэг удаа Ц.Шагдарсүрэн багш минь ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Б.Базылхан гуайд бичиг хийж өгч намайг явуулав. Ингээд гэрт нь очиж уулзаж танилцаад эртний түрэг хэлний хичээл заалгахаар боллоо. Тэдний гэрийн боорцог амттай, байнга сүүтэй цай чанаж ууна. Хэдэн удаа очиж боорцог идэж, сүүтэй цайг нь ууж хууч хөөрч, хичээл биш хөндлөнгийн сонин сайхан юм ярьсаар өнгөрч билээ. Б.Базылхан гуай монгол-казах, казах-монгол толь бичиг зохиосон хүн шүү дээ, 1986 онд хэвлүүлсэн “Эртний түрэг хэлний үгийн бүтэц” гэдэг номоо өгч билээ. Одоо бодоход, нас дээр гарчихсан тэр хүн гэртээ хичээл яаж заах билээ дээ.

   Манай ангийн мэргэжил мэргэжлээр чиглүүлсэн оюутнуудад тухайн чиглэлийн хамгийн нэртэй эрдэмтэн багш нараар тусгайлан хичээл заалгаж, тэдний мөнгө цалинг ерэн хоёр, гурван оны тэр хэцүү үед захирал Ц.Шагдарсүрэн багш минь яаж ийгээд л болгож байж дээ. Өдий зэрэгтэй яваа минь манай Л.Тэрбиш, Ш.Чоймаа, Ц.Шагдарсүрэн гээд эрдэмтэй, буянтай олон багшийн минь ач тус шүү дээ. Эрдэм номоос гадна амьдрал ахуй гээд олон зүйл дээр мөн ч их тус дэм авч дээ. Багш нарын маань үг хэл, үлгэр дуурайллыг үгээр илэрхийлэхийн аргагүй. Миний хувьд, руни бичгийн чиглэлээр дагнаж судалгаа хийж, Ц.Шагдарсүрэн багшийнхаа монголчуудын үсэг бичиг судлалын их үйл хэргийн багахан хэсгийг үргэлжлүүлэх гээд л зүтгэж явна.

 Турк хэлээр турк хүнтэй анх удаа ярьсан нь

   БНТУ-ын ерөнхийлөгч Сулейман Дэмирелийн 1995 оны 9 дүгээр сард манай улсад айлчилсан юм. Тэр үед Түүхийн хүрээлэнд ажиллаж байв. Айлчлалаар эрдэмтэд, судлаачид ирэх эсэхийг лавлатал, ирнэ гэнэ. Осман Фикри Серткаяа гэдэг эрдэмтэн ирэх аж. Би тэр хүний олон өгүүллийг уншиж байсан юм. Ингээд уулзах арга сүвэгчлэв. Ерөнхийлөгчийн хамгаалалт энэ тэр, элдвийн юм болж байж арай гэж нүүр тулж уулзаад, анх удаа турк хүнтэй турк хэлээр мэндэлж, ярьж үзлээ. Сурсан хэлнийхээ хэргийг гаргаж байгаа хэрэг. Өөрийгөө танилцуулаад ярилцлаа. Турк хэл хаана сурсныг асууж байна, бие даан сурсан гэсэнд намайг магтаад, их сайн сурсан байна гээд овоо хөөрхөн хөөргөж байв. Руни бичээс шинээр илрүүлсэн эсэхийг лавлаад шинэ бичээс олдвол надад хэлээрэй, танайд унших тайлах судлаач байхгүй, би уншина гэж их аминчилж захиь. Бас шинээр илрүүлсэн руни бичгийн зураг, гар хуулбар хийж явуулбал шагнана гээд л одоо болоход жоохон хүүхэд л харагдсан байх даа. Зургаан жилийн дараа нь буюу 2001 онд О.Серткаяа, Женгиз Алыйлмаз нарын хамт “Монгол нутаг дахь Түрэгийн үеийн түүх, соёлын дурсгал” гэрэл зургийн цомгийг турк, англи хэлээр хэвлүүлсэн билээ. 

   Дараа нь 1996 оны наймдугаар сард шиг санагдана, Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн баг Монголд ирэв. Уйгур судлалаар дэлхийд нэртэй эрдэмтэн Такаши Мориясү гуайн удирдсан баг байсан юм. Багийн бүрэлдэхүүнд миний үеийн залуу судлаач байсан нь өдгөө Осакагийн Гадаад хэлний их сургуулийн Түрэг судлалын салбарын эрхлэгч, профессор Такаши Осава. Намайг бодвол Туркт дөрөв таван жил суралцчихсан хүн байв. Тэгээд сайхан завшаан олдож, Т.Осаватай сар орчим хээрийн судалгаагаар хэдэн аймаг дамжин нэг машинд хамт яваад хэлний маш сайн дадлага хийж билээ. Турк хэлээр хүмүүстэй ярилцаж маш их урамшсан. Миний ярьж байгааг тэд төвөггүй ойлгоод, тэдний яриа ч надад сайхан ойлгогдохоор урамшихаас яах вэ, би дааж үзсэн хүний хувьд.  

Ачаанд татлага, ажилд дадлага

   Туркийн ерөнхийлөгчийн айлчлалын дараа Орхоны хөндийн хөшөө дурсгалыг сэргээн засварлах, хадгалж хамгаалах төсөл хэрэгжээд, тэр төслийн бүрэлдэхүүнд орж, бичиг судлалын хэсэгт нь ажилласан. Энэ үед ёстой анх удаа Туркийн эрдэмтэдтэй нүүр тулан уулзаж, хамт ажиллаж, орчуулагч ч хийж үзлээ. Туньюкукийн гэрэлт хөшөөний бичээсийг эхнээс нь дуустал үсэг тэмдэгт, үг бүрийг тулгаж эх бичгийн судалгаа хийж  буулгасан юм. Дараа нь Орхоны хөндийн Хөшөө цайдамд Күл тигиний гэрэлт хөшөөний бичээсийн үсэг тэмдэгт, үг бүрийг өмнөх эх, хуулбартай харгуулан тулгаж эх бичгийн судалгаа хийж байлаа. Бас хээрийн судалгаагаар явж Монголын руни бичгийн бага дурсгалыг турк эрдэмтэдтэй хамтран судалсан. Ингээд орчин цагийн турк хэлээр яриад эртний түрэг бичээс дээр ажиллаад, судлаад ирэхээр тухайн хэлний хэл зүй, авиа зүй, үг зүйг, үгийн бүтцийг маш сайн ойлгоод ирж байгаа юм. Мэдээж хэрэг, тухайн үед буруу, зөрүү зүйл байсан ч ерөнхийдөө надад маш сайхан дадлага сургалт болсон доо. Ачаанд татлага, ажилд дадлага гэж, хэлний хувьд дадлага маш чухал.

   Ингэж байтал TICA буюу Туркийн олон улсын хамтын ажиллагааны байгууллагын албан ёсны төлөөлөгчийн газар Монголд байгуулагдав. Ирсэн хүмүүстэй нь маш сайхан харилцаа тогтоож хамтран ажилласан маань бас миний хэл, судалгаанд маш сайхан боломж болсон. “Улаанбаатар” зочид буудлын гуравдугаар давхарт Туркийн ЭСЯ анх нээгдээд, нэг жижигхэн өрөөнд албан үүргээ гүйцэтгэж, тэр үед Н.Алгирмаа эгч орчуулагч хийж байсан, одоо ч ЭСЯ-даа ажиллаж байгаа, мэргэжилдээ “мэргэшсэн хүн” байгаа даа. Тэр үед алба ажил, аялал жуулчлал, судалгаа шинжилгээний ажлаар ирсэн хүмүүст үнэ хөлсгүй, өдөр шөнөгүй л тусалж, хөдөө хээр ч их явдаг байж дээ. 

Эрдмийн зэрэг хамгаалав

   1999 онд “Монгол нутаг дахь руни бичгийн бага дурсгалын судалгаа” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан. Эртний түрэг хэлний руни бичгээрх дурсгалуудыг нэг бүрчлэн нүдээр үзээд, өмнөх эрдэмтдийн судалгааг нягталж хийсэн эх бичгийн судалгаандаа тулгуурлан түүхийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалсан хэрэг. Турк хэл үзэж түрэг судлалаар гаргасан анхны минь бүтээл юм даа. Мэдээж хэрэг, зөвхөн бичгийг нь судлах биш жирийн иргэдийн булш оршуулга, язгууртны тайлгын байгууламж гээд холбогдох дурсгалуудыг үзэх, судлах хэрэгтэй болж байлаа. Энх амгалан, дэлгэр сайхан монгол нутгаараа өөрийн тааваараа явж судалгаа хийсний минь үр дүн гэж боддог юм.  

Ууланд ганцаараа

   Руни бичиг бол Төв Азийн нүүдэлчдийн анхны авианы бичиг гэж үздэг. 1994 онд сургуулиа төгсөөд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн “Сурвалж судлалын тасаг”-т эрдэм шинжилгээний ажилтнаар орж ажлын анхны гараагаа эхэлж байлаа. Тэр үед, хээрийн судалгааны ажил дуусаад есдүгээр сарын сүүл, 10 дугаар сарын эхээр голдуу амралт авах боломжтой байлаа. Амралтаа аваад руни бичиг олж судлахаар Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл ууланд очиж ганцаараа 14 хоносон. Дараа жил нь мөн амралтаа аваад Говь-Алтай аймгийн Цээл сумын Хар Азаргын нуруу, Тайны нурууг зорин очиж байлаа. Амралтын мөнгөөрөө замын зардал хийгээд, замын унаанд дайгдаад л явна. Ингэж тэнэснийхээ үр дүнд докторын диссертациа бичсэн юм. Ганцаараа явахын давуу тал гэж байна. Өөрийн тааваар байж, хад чулууны бичээсийг өглөө, өдөр, үдшийн аль ч цагт дураараа, тайван ажиглаж ажиллана. Гэтэл албан томилолтоор яваа гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдад ийм боломж олдохгүй, цаг нартай уралдаж богино хугацаанд амжуулаад буцах гэнэ. Алс холоос зориод ирэхэд, судлах боломж олдохгүй хэдэн өдөр үргэлжилж, бороо орох, салхи шуурга таарахын алийг тэр гэх билээ. Би ганцаараа болохоор маш тайван, ёстой нэг бүрчлэн үзнэ. Хад чулууны бичээс нарны тусгалаас хамаарч өглөө, оройд харагдах байдал өөр өөр. Ургах наранд маш тод харагдаж байгаа бол тэр бичээсийг мэдээж хэрэг өглөө эрт бичсэн гэдэг ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, бичээсийн харагдах байдал нь уг бичээсийг бичсэн цагийн баримжааг тогтоох боломжтой байдаг. Ингэж тайван судлахаар арай илүү нухацтай, жинхэнэ эх бичгийн бодит судалгаа болдог юм.

Баянхонгор аймгийн Бууцагаан сум, Замын бууцын бичээс.

   Анх явсан маань хөгжилтэй. Бэлэн унаа байхгүй тул Дэнжийн мянгын зах гарч Дундговь явах унаа сураглав. Тэгж явж нэг хүнтэй танилцаад хэдэн төгрөгийн зардал өгч аймгийн төв хүрээд авлаа. Цаашаа Өлзийт сум явах ёстой. Аймгийн ШТС дээр очоод, шатахуун авч байгаа машин болгоноос хаашаа явж буйг нь асуусаар нэг унаа олж суув. Борц, давс, чүдэнз, үзэг, дэвтэр, шугам, метр, солих хувцас хийсэн ганц үүргэвчтэй. Мотоциклтэй залуу Өлзийт явна гэхээр нь танилцаад сундалдаж явсаар Дэл ууланд Бүлтэм Маам гэх айлд анх очиж билээ. Айлаасаа жаахан ингэний хоормог аваад Булаг Билүүтийн хурлын туурийн доор хавцалд ганцаараа 14 хоносон. Билүүтийн булаг их тунгалаг, сайхан устай. Өглөө эрт янгир ирж ундаална, тэр хавийн мал амьтныг ундаалдаг рашаан булаг даа. Дэл уулын хадаар өдөржин алхаж, амрах завсраа хоормогоо уугаад, оройхон гал түлж борцтой шөл хийж идчихээд, галынхаа цог нурам  дээр элс асгаад дээр нь унтаад өгнө. 10 дугаар сар гарсан байсан ч говьд дулаахан, нам унтаад өглөө сэрнэ. Өдөржин уул хадаар явдаг байсан болохоор жаахан ядардаг байсан байх, нэг мэдэхэд л өглөө болчихсон, шувуу жиргээд л үнэхээр сайхан шүү. Шөнө тэнгэрт анивчих оддыг харсан шигээ доороос төөнөх элсэн дэвсгэр дээр хэвтэх энэ яваа насанд дахиад тохиохгүй сайхан мөч байж дээ. Ингэж ууланд 14 хоноод ирэхэд манайхан миний таргалсан, өнгө зассаныг гайхаад “Сувилалд яваад ирээ юу?” гэж байж билээ. Эрүүл агаарт өдөржин ингэний хоормог уугаад тааваараа явсан болохоор бараг амралт болж л дээ. Дэл уул бол тэр чигээрээ хадны гайхамшигтай зураг дурсгал бүхий байгалийн галерей шүү дээ. Ганзага дүүрэн ч ирсэн. Өмнө илрээд байсан хоёр дурсгалын эх бичгийн судалгааг гүйцээж, урд нь нээгдээгүй байсан хоёр руни бичээс, 655 оны үед хамаарах хятад бичээсийг шинээр олсон юм.

   Дараа жил нь Говь-Алтай аймгийн Цээл сум, Таянгийн нуруугаар явж билээ. Хэрэг зоригоо хэлээд, бүр итгэмгүй бол “ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан” гэсэн улаан үнэмлэхээ үзүүлээд замын унаагаар, мориор, бүр илжиг хүртэл унаад явж байлаа. Цээл суманд тэгж явахдаа нэг өвгөнтэй танилцав. Гэрт нь хонож, өглөө нь үнээ малыг нь сааж өгөөд, орой унтахдаа өвгөнтэй хууч хөөрөөд. Чойрын ном үзчихсэн үнэнхүү лут өвгөн байж билээ. “ШУА-аас явж байна” гэсэн чинь намайг тавлаад “Ээ хөөрхий минь, чи өөрийгөө таниагүй байж ертөнцийг танина гэж юу байх вэ?” гэсэнсэн. Хоёулаа улам дотносоод өвгөнтэй хамт мориор Таянгийн нуруугаар баахан явав. Өвгөн цаг хэцүү байхад бурхан тахил, ном судраа ууланд нуусан байснаа гаргаж надад үзүүлсэн юм. Цээл сумаас шинэ бичээс дурсгал илрүүлээгүй ч, эрдэмт өвгөнтэй уулзаж, ихийг сонсож, мэдсэн минь надад үнэхээр том олз байлаа.

Хэл сурахын хэрэг

   1996 онд Турк улсад очлоо. Турк хүмүүсийн дотор анх удаа орж байгаа нь тэр. Хэлийг нь бие дааж сурсан над шиг хүн яг дунд нь яваад орохоор бас сонин санагдаж байв. Миний өмнө нь харилцаж байсан хүмүүс дандаа эрдэмтэд, судлаачид, бичиг номын хүмүүс байсан. Харин янз бүрийн аялгаар ярьсан эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу, худалдаачин наймаачдын хэл, яриа, өөр өөр аялга гээд л. Гэхдээ би Туркт суралцаж байсангүй, олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцоод л буцдаг юм.

   Би МУИС-д Түрэг судлалын салбарыг үүсгэн байгуулахдаа сонгодог, уламжлалт түрэг судлалыг хөгжүүлэх зорилготой байсан бөгөөд энэ зорилгоо ч амжилттай биелүүлж чадсан гэж боддог. Өөрөөр хэлбэл, сонгодог түрэг судлал буюу эртний түрэг судлал давамгайлсан байсан бол одоо орчин цагийн турк хэл, орон судлалын чиглэлтэй болсон. Манай Түрэг судлалын салбарын оюутнууд нэг жил Турк улсад тэтгэлэгтэйгээр нэг жил суралцаж, гурван жил тэнхимдээ суралцаад төгсдөг. Турк судлалын шинэ үе гарч ирж байна л даа. Турк хэл үзчих юм бол Азербайжанд очоод чөлөөтэй ойлголцоно, Узбек, Киргиз, Казахстанд очоод ярилцаж болно. Нэг хэл үзээд нэлээд хэдэн улс оронд очоод харилцах боломжтой болно гэдэг тэр бүр олдохгүй боломж шүү. Сүүлийн жилүүдэд түрэг угсаат улс орнууд нэгдэн нягтарч, улс төр, эдийн засгийн хувьд төдийгүй дундын нэг үсэг бичигтэй болох, оюун санааны нэгдэлт буй болгох бодлого хэрэгжиж байна. Тэгэхээр нэг талаас орчин цагийн турк хэлийг үзэж байгаа мэт боловч цаанаа бол казах, киргиз, узбек, азербайжан, татар, ногай, башкир, каракалпак гэхчлэн түрэг угсаат ард түмэнтэй харилцах үндсэн гол хэлийг эзэмшинэ гэсэн үг. БНТУ нь Ази, Европыг холбосон геополитикийн ашигтай байрлалд оршдог, худалдаа арилжаа, тээвэр логистик, шинжлэх ухаан, технологийн бүхий л салбарт хамтран ажиллах боломжтой улс юм.

   Ерөнхийлөгчийн энэ онд хийсэн төрийн айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Турк улстай Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай болсон төдийгүй боловсрол, шинжлэх ухааны салбарт онцгойлон анхаарахаар тусгасан. Тиймээс ч Монгол улсад түрэг судлал улам хөгжих, турк хэлтэй мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэх хандлагатай байна.

Нүүр зураг: Увс аймгийн Бөхмөрөн сум, Шанаган хэвийн хөшөөний бичээс.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Багш нь

    Эрхэм шавьдаа улам их амжилт хүсье👏📚🥰 Х.Ж.У.

    2025-04-10

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.