Д.Батсайхан: Төгөлдөр хуур хөглөгч бол хөгжимчин, мужаан, дархан, инженер
Мэргэжил бүхэн сонин
2025-02-03
Монголын радиогийн “Цагаан лавай” студийн дууны найруулагч Д.Батсайхантай ярилцлаа. Тэрбээр салбарынхандаа “Эрдэмтэн туулай” хочоороо танигдсан, хөгжимчин, хөгжим хөглөгч, цахилгаанчин, зурагтын засварчин бүр шүдний эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер зэрэг хэд хэдэн мэргэжилтэй нэгэн билээ.
- Та их олон мэргэжилтэй хүн юм. Эдгээрийн дундаас хамгийн гол мэргэжил нь юу вэ, хэзээ, хэрхэн эзэмшсэн тухайгаа ярьж өгөөч?
- Би 1978 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд орсон хүүхэд. Мэргэжлийн хөгжимчин бэлтгэдэг сургууль шүү дээ. Диплом дээр бичсэнээр бол хийл хөгжмийн багш, оркестрын хөгжимчин гэсэн хоёр мэргэжилтэй. Утсан хөгжмийн ангийнхан угаасаа ингэж төгсдөг юм. Харин төгөлдөр хуурын ангийнхан бол төгөлдөр хуурын багш гэж явна. Уг нь бол хөгжмийн сургуулийн багш гэдэг юм л даа. Мэргэжлээрээ хичээл заах учраас тэр. Мөн тэд нар оркестрт суудаггүй. Бид бол суудаг учраас тийм дипломтой төгсдөг. Ингээд Хөгжим бүжгийн дунд сургуулийг 1990 онд дүүргэхийн өмнө буюу 1989 онд мэргэжлийн төгөлдөр хуур хөглөгч хүнд шавь орж дагалдан суралцсан юм. Ингээд сургуулиа төгсөхөөс өмнө анхныхаа ажлыг хийсэн, энэ маань хөгжим хөглөдөг ажил. Сургуульдаа сурна, ажлаа ч хийнэ. Тэгтэл тэр үеийн удирдлагууд намайг Оросын Улаан-Үд хот руу “Хөгжим хөглөгч дагаж яваад ч болов юм сураад ир” гэж явуулсан юм. Ингээд өөрийнхөө зардлаар Украины Чернигов хот хүртэл явж төгөлдөр хуурын үйлдвэрт ажиллаж байж юм сурсан. Тэр үйлдвэрт хоёр сар шахам ажиллаад, визний хугацаа гурван сар байсан болохоор тэр хугацаандаа багтаж ирсэн. Энд нэг зүйлийг зориуд сонирхуулж хэлэхэд, төгөлдөр хуураас бусад бүх хөгжмийг хөгжимчид нь өөрсдөө хөглөчихдөг юм. Харин төгөлдөр хуурыг зөвхөн тусгай мэргэжлийн хүн хөглөнө.
Хөгжим бүжгийн дунд сургуульд сурч байхдаа би радио электроник сонирхдог байв. Тэгээд радио электроникийн эчнээ курс төгссөн юм. Энэ сонирхол маань одоо нэгэнт миний насан туршийн хообий болжээ. Тэр үед телевизор засварын курс гэж бас байсан. Тэрэнд 1987 онд суугаад мэргэжлийн үнэмлэхтэй болж байлаа. Дөрвөн жилийн дараа буюу 1991 онд ТИС-д оройгоор сурав. Гэвч дипломоо авдагийн даваан дээр өөр ажилд шилжээд авч чадаагүй ч цахилгаанчны III зэрэгтэй гэж явдаг юм. Ингээд 1995 онд Японы “Yamaha” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар инженерээр ажилд орсон. Түүнээс өмнө 1990-1992 онд Хөгжим, бүжгийн сургуульдаа хөглөгчөөр, 1992-1995 онд СУИС-д мөн энэ мэргэжлээрээ ажиллаж байлаа. Ер нь тэр үед хөгжим хөглөдөг хүн Монголд дөрөвхөн байсан л даа. Нөгөө гурав маань дадлагаар сурсан, би ганцаараа Орост номын дуу сонссон. Тэр үед бид хэд нэг нэгээрээ байгууллагуудаа даагаад авчихдаг байсан юм. Би Хөгжим бүжгийн сургуулиа, СУИС-тай даана. Дуурийн театр, Улсын филармони, “Баян Монгол” чуулгад бас ажилласан юм байна. “Yamaha”-д орсноосоо хойш есөн шидийн л ажил хийлээ, хувийн байгууллага учраас. NHK, “Asahi” телевизийнхний Монголд хийсэн таван ч баримтат кинонд дууны туслах найруулагчаар явжээ. Тэр кинонууд тогоруу, бүргэд, мазаалай гээд дан амьтны сэдэвтэй. Тэгж явахдаа л дууны найруулагч болъё гэж бодсон юм.
- Хөгжим хөглөгчийнхөө хувиар Японд очсон гэдэг?
- 1996 онд Японд хоёр сар явсан юм. Тэгэхдээ SONY-гийн бичлэгийн студид ажиллаад, дээрээс нь “Yamaha”-гийн төгөлдөр хуурын “Piano Technician Academy”-ийн хичээлийг 14 хоног сонирхсон. Тэр сургалтын нэг сарын төлбөр 25 мянган доллар. Дэлхийд хамгийн үнэтэй сургуулийн тоонд ордог. Ер нь бол “Ямар ч хүнийг хөгжим хөглөгч болгоно оо” л гэдэг сургалт. Манайд бол тэр үед тийм байгаагүй. Арван жил хийл тоглосон, эсвэл оркестрт арван жил гобой үлээсэн, үндэсний хөгжмөөс хуучир, ёочин тоглодог хүмүүс хөгжим хөглөгч болдог байлаа. Оросуудын сургалтын зарчим бас тийм. Харин тэр академи болохоор “Ямар ч хүнийг хөглөгч болгоно. Манай төгсөгч бол дэлхийн хаана ч ажилтай” гэдэг байсан. Би бол тэрийг 14 хоног сонирхсон төдий.
- Төлбөрөө яаж шийдсэн юм бол?
- Компанийнхаа эзнээр даалгасан. Тэндхийн урилгаар явж байгаа болохоор би мөнгө төлөөгүй. Сургалтад нь суух бус, сургалтын явцыг нь сонирхсон юм. Би сургалтын дундаас очсон болохоор хүмүүс нь хөгжим хөглөөд эхэлчихсэн байлаа. Таван жил энд хөглөчихсөн хүн очоод алж өгөлгүй яахав дээ. Тэгтэл “Та хаана ингэж сурсан бэ?” гэж байна. “Орост сурсан” гэвэл “Оросын хөгжим хөглөгчид мундаг. Бид танд юм заахгүй” гэдэг юм. Тэгээд тэндээс “хөөгдөөд” гарсан. Яагаад тэгэв гэвэл сургалт нь өөр юм. “Yamaha”-гийн хөгжмийн үйлдвэрт ажиллах чинь тэнэг шүү дээ. Бээлий өмсөнө, яг цэх сууна, багажнуудаа өрж тавина, тэгээд хөглөж эхэлнэ. Тэгэхдээ энийг заавал эхэнд нь, тэрийг заавал дараа нь гэнэ. Маньд бол тэгэх нь ядаргаатай, ямар ч хэрэггүй. Хөгжмөө хараад л юу хэрэгтэй, ямар багаж байх ёстой, тэрийгээ аваад л хийхэд болчих юм. Тийм байтал яаж суухаас өгсүүлээд нэгд нэггүй заагаад байхаар тэр нь надад хэцүү байхгүй юу. Би бол зүгээр хөгжмөө л хөглөмөөр байдаг... Дээр үед би нэг хөгжмийг 45 минутад хөглөдөг байсан. Төгөлдөр хуур 240 утастай. Одоо бол нэг цаг, гучин минутад хөглөдөг. Учир нь гучин жил хөглөчихсөн, бас хөгширчихсөн. Гэхдээ энэ мэргэжил маань надад 60 нас хүртэл минь хэрэг болно гэж би бодож байгаа. Өнөөдөр нэг хөгжим хөглөх ханш 250 мянган төгрөг байна.
- “Yamaha”-гийн төлөөлөгчийн газар та яг юу хийдэг байсан юм бэ?
- “Yamaha Motors” буюу машин, мотоцикл оруулж ирдэг, дэргэдээ хөгжмийн сургалтын төвтэй газар байсан юм. Японд Монголын дөрвөн багшийг бэлдсэн, арван төгөлдөр хууртай, тэр үедээ л төлбөр өндөр, сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд даралтат хөгжим заадаг газар. Би бол энэ компанид олон ажил хийсэн. Гуравдугаар сард гэрээсээ гараад 11 дүгээр сарын сүүлээр харьж байлаа. Анхны томилолтоороо Дорнодын хязгаар руу “Тогоруу” гэдэг баримтат киноны ажилд дууны туслах найруулагчаар явсан юм. Тэгэхэд Говийн дархан цаазат газрыг урдуур нь бүтэн тойроод хамгийн сүүлд Хүйтний оргилд гараад буцаж ирж байв. Мөн тэнд ажиллаж байхдаа “Music Quest” наадмыг гурван удаа зохион байгуулсан. Наадамд түрүүлсэн гурван хамтлаг Японд очиж тоглож байв даа. Мөн агаарын бөмбөлгийн Монголын хамгийн анхны наадмыг зохион байгуулж байлаа. Талбай дээрээс нисгээд, олон улсын тэмцээн нь Өндөр довд болж билээ. Буудлагын Гавьяат тамирчин О.Гүндэгмаагийн аав, алдартай нисгэгч Д.Отряд гуай тэгэхэд агаарын бөмбөлөгнөөс шүхрээр буусан юм шүү дээ. Д.Отряд гуайтай олон удаа хамтарч ажилласан даа.
Тухайн үед манай Монгол “Yamaha” хөгжмийн сургалтын төвийг нээсэн дэлхийн 39 дэх орон болж байв. Дөч дэх нь Вьетнам байсан юм. “Вьетнамын өмнүүр орчихлоо” гэж бид баярлаж л байлаа. Олон улсын сертификаттай сургалт байхгүй юу. За тэгээд хээрийн есөн шидийн ажилд явсан даа. “Yamaha” компани есөн аймагт тус бүр 30 мянган долларын үнэтэй хөгжим өгч байлаа. Улаанбаатарын 11 сургуульд мөн тийм үнийн дүнтэй тоног төхөөрөмж бэлэглэж, хөдөлмөрийн кабинет байгуулж өгсөн. Японы Засгийн газрын “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөртэй хамтарч ажиллаад тэр. Хараагүйчүүдийн 116 дугаар сургуулийн дотуур байрны нэг давхрыг бүрэн засаж байв. Тэгэхэд би барилгачин болсон юм. Мөн япон даргаараа заалгаад төслийн инженер болж байлаа. Тэрнээс хойш би студийн төсөл бичдэг болсон.
- Студийн төслийг яаж бичдэг юм бол?
- Юуны түрүүнд тухайн студид тавих тоног төхөөрөмжийг хооронд нь нийцүүлнэ. Тэр чинь брэнд хувцас гэдэг шиг биш юм. “Yamaha”-гийн пульт сонговол карт нь, компьютер нь ямар байх вэ гэдгээс эхэлдэг. Ямар хэмжээтэй өрөөнд ямар хэмжээний яригч байх, тэр нь ямар брэнд байх, үнэ мөнгө нь хэд байх вэ гээд бүх зохицлыг нь олно. Студи байгуулах гэж байгаа хүн ийм пульт тавимаар байна гэвэл тэр нь ямар ажиллагаатай, хэр үнэтэй байхаас эхлээд ямар төхөөрөмжтэй зохицох вэ гэдгээс өгсүүлээд тооцоог нь гаргаж ирнэ. Тэрийг гаргахын тулд өмнө нь каталог захиж авдаг байсан бол одоо бүх юм интернэтэд байх шив дээ. Жишээ нь, одоо би musicstory.com гэдэг герман сайтыг ашигладаг. Хамгийн анхны студийнхээ тоног төхөөрөмжийн жагсаалтыг би тэгэхэд гаргаж байлаа.
"Цагаан лавай" студийн пульт.
Хиймэл шүд хийж сурахаар яваад сандал засдаг болж ирэв
- За, өмнөх яриагаа үргэлжлүүлье. Таны дараагийн мэргэжил юу байв?
- Би 1998 онд “Yamaha”-гаас хөөгдөж гарсан. Нэг найзыгаа ажилд оруулсан чинь хулгай хийгээд би хоморгонд нь хөөгдсөн юм. Гадаадын компанид тэр бол байж болшгүй асуудал юм л даа. Тэр ондоо шүдний хувийн эмнэлгийн нэг даргатай танилцаад тэндээ засварчнаар ажилд орсон. Тэгэхэд би давхар СУИС-д хөглөгч байв. Би ер нь СУИС-д зургаан удаа орж, долоон удаа гарсан хүн л дээ. Олддоггүй ховор мэргэжлийн хүн учраас орж, гараад байсан хэрэг. Мөн сүүлд 2008 он хүртэл Хөгжим бүжгийн сургуульд хөглөгч байсан. Тэгээд тэр шүдний эмнэлэгтээ 1998 оноос хойш одоо хүртэл ажиллаж байна. Өнгөрсөн 26 жилийн хугацаанд энэ эмнэлэг гурван салбар байгуулжээ. Би тэрнийх нь доторлогоо, өнгөлгөө, шаллагаа, холболт, төхөөрөмжийн тохируулга, бүгдийг хийсэн. 2008 онд би Өмнөд Солонгосын “Hallim” компанийн урилгаар очиж дөрвөн сар цалинтай ажиллангаа шүдний эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерээр мэргэжил дээшлүүлээд тэр компанийн сертификаттай ирсэн юм. Ерөнхийдөө бол шүдний эмнэлгийн сандал засдаг гэж ойлгож болно. Тэр сандал ямар байдгийг мэдэх үү? Дээшээ, доошоо хөдөлнө, хийгээр үлээнэ, хог, ус, шүлсийг бүгдийг нь соруулна гээд тэр бүх юмыг цогцоор нь шийдсэн байдаг юм.
- Нарийн эд байх нь ээ?
- Юу нь нарийн байх вэ дээ.
- Энгийн сандал бол биш...
- Дээшээ, доошоо хөдлөхдөө хугацаатай, тэрийг нь хийгээр тохируулна. Ус, хий, цахилгаан, электроник нь цогцоороо байдаг. Жишээ нь, шүдний чулуу түүхээр шүдийг өрөмдөнө гэвэл хийн турбин, цахилгаан мотор гэсэн хоёр турбин байна. Сандлын хөлд байдаг гишгүүр дээр гишгээд хийн турбиныг нь хийгээр удирддаг. Чанга гишгэхэд өрөм нь секундэд 20 мянга эргэнэ. Бага гишгэвэл арай цөөн эргэнэ. Цахилгаан турбин нь арай удаан эргэлддэг. Тэрийг ажиллуулж өнгөлгөө хийнэ.
- Тэгэхээр багажнууд нь бүгд сандалтайгаа холбоотой байдаг байх нь ээ?
- Бүгд холбоотой. Дээрээс нь гар багаж нь тусдаа бий. Шүдний эмнэлгийн сандал ариутгалын цогц системтэй байхгүй бол болохгүй. Шүдний эмнэлгийн норм, норматив гэж бий. 1976 онд баталсан стандарт ч байна. Гэхдээ тэр стандартаа саяхан шинэчилсэн сурагтай байсан. Стандартаа баримтлахгүй бол торгуулна. Гэхдээ стандарт нь инээдтэй. Жишээлбэл, халдваргүйжүүлэлт гэхэд 1976 оны стандартаар бол хлорамины уусмалд дэвтээнэ, халуун ууранд жигнэнэ гэх мэт. Гэтэл орчин үеийн багажийг тэгж ариутгахгүй шүү дээ. Эхлээд том юмыг нь гараар цэвэрлээд, дараа нь 135 хэмийн ууранд нэг цагийн турш жигнэчхээд уусмалд хийдэг. Тэр уусмал нь ямар ч бактерийг 99.99 хувь устгана. Тэгэхээр шүдний эмнэлгийн халдваргүйжүүлэлт маш сайн болчихсон гэсэн үг. Хүмүүс “Тийшээ очвол цусны тийм өвчин тусна” гэж ярьдаг нь худлаа. Заваан эмч л байдаггүй юм бол. Эмч нарыг таван жил бэлдэж байж юу гэж заваан болгох вэ дээ.
Шүдний эмнэлгийн сандал 150 кг ачаа даана. 110, 120 кг жинтэй хүн суухад дээш нь сэвхийтэл өргөдөг байх ёстой юм. Гидр болон цахилгаан мотортой байна. Цахилгаанаас ялгаатай нь гидр мотор сандлыг гэдийлгэх, хөлийг нь өргөх, буулгахад зөөлөн. Мөн хийгээр ажиллана. Сандалд агаар хуурайшуулагч тавьдаг. 10 атмосфер даралтаар үлээж хүний амыг цэвэрлэдэг юм. Шүдний өнгөр дээр усан түрхэц байх ёсгүй. Гидр мотор тогоор ажиллана. Толгойн лед гэрэл ажиллана. Хясаан ойлгогчтой байх ёстой. Шар, эсвэл цагаан байж болохгүй. Шүдний өнгө тааруулахад тэрийг анзаарах ёстой. Цахилгаанаас гадна ус орно. Тэр нь хоёр янз. Нэг нь нэрмэл ус байна. Ам руу шүршдэг. Нөгөө нь аягатай ус. Шүлсээ хаядаг. Шүүлтүүрээр орж ирсэн нь крантны ус учраас тэрийг залгидаггүй. Би энэ бүхнийг холбодог юм. Аман дахийг соруулахад хог, шүлс, цус гарна аа даа? Тэгэхэд хог, цус, ус нь нэг тийш, хий нь тусдаа сална. Хог нь бохирын хоолой руу явах бол хий нь гадагш үлээнэ. Тэрийг тоос сорогч ашиглаж зохиосон. Жилд нэг тоос сорогч ашигладаг гэсэн үг.
- Төгөлдөр хуур хөглөдөг хүн шүдний эмнэлгийн сандал засдаг болсон гэхээр хачирхалтай юм байна.
- Анх уул нь хиймэл шүд хийж сурахаар Солонгост хиймэл шүдний лабораторид ажилласан юм. Гэтэл хиймэл шүдийг Монголд хийснээс Солонгост хийсэн нь чанартай байна. Одоо бол Солонгосоос хиймэл шүд захиалахад гурав хоногт ирчихнэ. Тэгээд инженер суурьтай болохоор яалт ч үгүй төхөөрөмж рүү орчихсон. Гэхдээ одоо эвдэрхий юмыг засах биш, шууд хаяад шинийг тавих буюу солих үйлчилгээ үзүүлдэг болчихоод байна. Шүдний сандал эвдэрлээ гэвэл тэр хэсгийг нь хэсэгчлэн шинээр солиод, программын алдаа гарвал reset хийчихнэ. Тэгэхээр одоо үед тэрийг задлаад, эвдэрснийг нь солиод буцаагаад угсрах мэдлэг л хангалттай болж.
- Шүдний эмнэлэгт 1998 оноос хойш тасралтгүй ажиллаж байна гэлээ. Үндэсний радиод үндсэн ажилтай байж тэр ажлаа яаж зохицуулдаг юм бэ?
- Төхөөрөмжүүд нь шинэчлэгдсэн учраас байнга тийшээ очихгүй. Ямар нэг юм нь болохгүй бол л дуудлагаар очдог. Тэгэхдээ цалин авахгүй. Оронд нь гэрийнхнийхээ, найзуудынхаа шүдийг даатгачихсан.
- За шүдний эмнэлгийн төхөөрөмж, тухайлбал сандлаар мэргэжжээ. Үүний дараа?
- 1999 онд “Сонор”-ын дараа орох дуу бичлэгийн студийг найзуудтайгаа байгууллаа. Гурван жил тэнд ажиллатал эзэн нь Япон руу сургуульд явахаар болж тоног төхөөрөмжөө ломбардад тавиад бид ажилгүй болсон юм. Тэр студийг байгуулаад “Цэнхэр дэлгэц” I, II, III-ыг хийж байв. “Нисванис” хамтлагийн анхны “Саарал” цомгийг хоёр жил бичиж байлаа. Ер нь бүх дуучидтай ажилладаг байсан. Тэр үед би мөн л бүх төхөөрөмжөө засна, холбоно, гагнана, ер нь л бүгдийг хийнэ. Найруулагчаа ч хийнэ, бичлэгээ ч хийнэ гээд хувийн юм болохоор нөхөөсний бүх л ажлыг хийдэг байлаа.
Дараа нь 2002 онд “On and Off”-ын хажууд “In and Out” гэдэг студи ажиллуулсан. Тэрнээс хойш ер нь дандаа студид ажиллаж байна. 2008 онд Монголын радиод ажилд орсон. Одоо энэ жижигхээн 450 м/кв өрөөнд суудаг даа. (Монголын радиогийн “Цагаан лавай” студийг хэлж байна. Ред.)
- Гэхдээ энэ жижигхэн өрөө чинь Монголын хамгийн том студи биз дээ?
- Тийм, гэхдээ байшингаараа л том. Төхөөрөмж нь бол өртөг өндөр биш. Хэзээ сүпер төхөөрөмжтэй болох бол доо гээд мөрөөдөөд л, хүлээгээд л байж байдаг. Манай төсөв хүнд байгаа болохоор нэг ч микрофон нэмж авахгүй л байна. Энэ студи одоо 45 микрофонтой. Анх надад байгууллагаас 19 микрофон өгсөн юм. Би хэрэглэдэггүй юм энд тэндээс цуглуулж нэмсээр 45 болголоо. Нийт таван төрлийн буюу брэндийн микрофон байна.
- Энэ студийн юманд танаас өөр гар хүрдэг хүн гэж байдаггүй юм шиг ээ.
- Тийм. Инженерүүд миний юмыг оролддоггүй. Яагаад гэвэл энэ системийг би өөрөө угсарсан. Эвдэрвэл би өөрөө засна, инженер хүн шүү дээ. Өөрийнхөө юмыг өөрөө л засна. Инженер дуудах болбол би зөвхөн IT л дууддаг. Залхуу хүрвэл “Эндээс тэр хүртэл кабель татмаар байна, хүн авчир” гэж техникийнхнийг зарна. Бусад үед, оркестр суусан ч өөрөө л холболтоо хийж, бүх кабелиа татдаг. Манайд микрофоны 64 кабель бий. Хамгийн урт нь 52, богино нь гурван метр урт.
- Одоо таны энэ ярьсан дээр өөр ажил, мэргэжил нэмэгдэх үү?
- Одоо эрхбиш болж байгаа байлгүй. 2013 онд СУИС-д найруулагчийн бакалавр болсон. Монголын радио мэргэжлийн байгууллага тул би энд суухын тулд мэргэжлийг нь эзэмшсэн байх ёстой. Одоо магистраа хийгээд дуусгачих санаатай байна. “Найрал хөгжимд бичлэгийн стандарт” гэдэг сэдвээр магистрийн судалгаа хийж байгаа.
- Таны эзэмшсэн энэ олон мэргэжил, хийсэн энэ олон ажлын суурь нь юу вэ?
- Хөгжим.
- Хөгжмийн ажил инженерийн ажилтай яаж холбогдож байгаа юм бэ?
- Дуу бичлэгийн 90 хувь нь төхөөрөмж, электрон шүү дээ. Энэ студид байгаа дижитал пульттэй ажиллахад программ, төхөөрөмжийн мэдлэг, тэгээд инженерийн ажил гол нь юм.
- Үлдсэн арван хувь нь мэдрэмж, сонсгол гэж үү?
- Тийм. Мэдрэмж маш чухал.
"Цагаан лавай" студид.
Хөгжим хөглөж сурахын тулд Украины үйлдвэрт өдөрт 16 цаг ажиллаж байв
- Таны хамгийн удаан ажиллаж байгаа мэргэжил хөгжим хөглөгч үү?
- Тийм.
- Украинд очиж ажилласан төгөлдөр хуурын үйлдвэрийнхээ тухай ярьж өгөөч?
- Тэр үйлдвэр конвейерийн системээр ажилладаг маш том үйлдвэр байсан. Төгөлдөр хуур дотроо ширэм, төмөр эд ангитай байдаг. Ширмийг нь гангийн үйлдвэрт цутгаад бэлэн бэлдэц хүрээд ирдэг юм. Ирэнгүүт нь өнгөлөөд будганд оруулдаг. Будаг нь гаднаасаа шаазан шиг харагддаг, өтгөн бүтэцтэй байна. Тэр ширмэн дээрээс утаснуудаа татдаг. Утаснууд нийлээд 2.4 тонн хүртэл татна. Нэг утас 400-500 кг татна гэсэн үг. Би тонн, килограмм гэж таталтынх нь чангыг ярьж байна шүү. Секундэд 440 герц дуугардаг нэг өнгийг дуугаргахад гурван утас орж байна гэвэл 1.5 тонноор татаж байж тэр өнгөнд хүрч дуугарна гэсэн үг. Төгөлдөр хуурын 240 утас 16 өөр хэмжээтэй. Нарийн утсаа зэс утсаар ороож бүдүүн дуугаралттай болгодог юм. Намайг Хөгжим, бүжгийн сургуульд байхад зэс утсыг гараар ороодог ганц машин байлаа. Тэр үед утсаа зэсээр ороогоод төгөлдөр хууртаа хийдэг байсан бол одоо захиалаад авчихдаг болсон. Тэр машин нь ч эвдрээд алга болсон, зэс утас нь ч олдохоо больсон.
За ингээд ширмээ будганд оруулсны дараа гацуур модоор дек (оросоор дека, англиар soundboard. Ред.) хийнэ. Ингэхдээ 8 мм зузаан модыг үечлэн нааж банз болгодог. Энэ бол төгөлдөр хуурын гол хоолой. Гитараар бол цар юм. Түүн дээр маар наана. Маар гэдэг нь төгөлдөр хуурын утсыг чимхээд барьчихсан байгаа зүйл. Тэгээд төгөлдөр хуурын корпусыг фанераар хэвэнд шахаж хийнэ. 16 давхарласан фанерыг бүдүүн прүүс модон дээр суулгадаг. Гадуур нь шилэн лак түрхдэг байсан бол одоо ондоо юм ашиглаж байгаа. Үйлдвэрт лак, бэхжүүлэгч нь урсаад түүн дээр модоо гүйлгэдэг байлаа. Харин жижиг хэрэгслийг нь гараараа будна. Дараа нь өнгөлгөөнд оруулна. Төгөлдөр хуурыг утасладаг хүмүүс тусдаа. Утсыг гараараа суулгана. Бид нар бол колкийг (оросоор колок, вирбель, англиар tuning peg. Ред.) нь мушгиж хөг оруулдаг. Манай радиогийн студид байгаа хөгжим Германых учраас дээрээ резонаторын дөрөв дэх утастай. Тийм болохоор даралтан дээр нь дарахаар доороос нь жижиг алх цохьдог. Энэ алх нь том, жижиг есөн шидийн хэмжээтэй, модоо эсгийгээр бүрчихсэн, хатуулаг өндөртэй. Тэр нь тоглолтын явцад хонхойгоод ирнэ, тэгэхээр нь сольдог юм. Ер нь бол төгөлдөр хуурын засвар үйлчилгээг дандаа сэлбэгээр хийдэг. Дээр үед юм ховор байхад бараг өөрөө зохиодог байлаа. Одоо бол шууд Хятад, Япон, Германаас захиалаад авчихна.
- Ингээд төгөлдөр хуур үйлдвэрийн шат дамжлагаа дуусгаад ирэхэд нь та хөглөдөг байжээ?
- Тийм. Нэг ээлжинд таван хөглөгч гардаг байсан. Нэг хөглөгч өдөрт зургаан хөгжим хөглөх нормтой. Ер нь бол төгөлдөр хуур үйлдвэрээс гараад том танхимд сар шахам хүлээлгэнд байдаг. Дахин дахин хөглөдөг гэсэн үг. Төгөлдөр хуурын ширэм, утас, даралтыг хэн хийсэн нь, хугацаа нь тодорхой бичээстэй байна. Тэрний дор хөглөөч нь мөн л тэдэн сарын тэдэнд хөглөсөн гээд тэмдэглэнэ. Дор хаяж гурван удаа хөглөдөг. Нэг хөглөчхөөд 3-4 хоногийн дараа дахиад хөглөдөг юм. Би тэр үйлдвэрт өглөө долоо гучид очоод 16 цаг ажилладаг байлаа. Юм сурах гэж байгаа хүн ингэхээс аргагүй. Эхний ээлжинд өглөө эрт хөглөгөөн дээр суудаг. Хөглөгч нар майхан шиг мөртлөө дөрвөн дугуйтай юм чирч явна. Тэр даавуун майхан шиг юмаараа нэг төгөлдөр хуурыг бүрхээд тэндээ ороод хөглөж эхэлнэ дээ. Том танхимд байгаа учраас даавуун майхнаар чимээ тусгаарлаж байгаа нь тэр. Анх сурч байхдаа эхний төгөлдөр хуураа найман цаг хөглөж байлаа. Найман цаг гэдэг бол аймшиг. Хөг орсон гэдгийг нь яаж сонсохоор мэдэх вэ гэдгээ мэдэхгүй байхгүй юу. Таван хөглөгч дор бүрдээ нэг буюу нийт таван майхантай. Би дадлагажигч байж эрт ирээд нэг майхныг нь авчхаар нэг хөглөгч нь аргагүй ажилгүй болоод намайг дагуулж “Тэгээрэй, ингээрэй” гэж зааж өгдөг байлаа. Ажлын цаг дуусаад, дараагийн найман цагт нь би конвейер дээр сууж төгөлдөр хуур угсрахад оролцоно. Юм сурахаар очсон учраас нэг конвейер дээр нэг хоног л суусан. Эхний өдөр ширмэн дээр суугаад халтар юм хийгээд л, тэрийгээ сурчхаар нь даралт угсраад л явсан. Энэ даралтууд урт, богиноосоо хамаараад өөр учраас яг байр байрандаа л таардаг. Ингэж явж л хөглөгч болж байлаа.
- Та түрүүн царыг гацуур модоор хийдэг гэж ярилаа. Тэр олон эд ангийг хийхэд мод л бол мод, төмөр л бол төмөр гэх үү, эсвэл зориулалтаас нь хамаарч шинж чанарын хувьд өөр өөр материал ашиглах уу?
- Төгөлдөр хууранд нийтдээ дөрвөн төрлийн мод, найман төрлийн даавуу, гурван төрлийн төмөр ордог. Мод, төмөр хоёр харьцаж байгаа хэсэг бүрд цэмбэн нугас, даавуун жийрэг байдаг юм.
- 40 минутын дотор төгөлдөр хуур хөглөдөг болсон үе тань хэзээ юм бол?
- Төгсөж ирээд. Тэр үед ганцаараа ажилладаг байлаа. Хөгжим бүжгийн дунд сургуулийн гурван давхар байшин нийт 130 төгөлдөр хууртай. Өдөрт тавыг хөглөхгүй бол гурван сарын дараа эргээд нөгөө хөгжмөө дахин хөглөж амждаггүй байсан юм. Тэгэхээр өдөр бүр хөглөж байгаа хүн чинь улам хурдан болно, сурцтай болно. Хөгжим хөглөгч хүн хөглөсөн хөгжмийнхөө тоогоор хөглөгч болдог. Тэрнээс биш сургууль төгсөөд л “Би хөгжим хөглөөч” гэдэг эд биш.
- Төгөлдөр хуурыг хэдий хугацааны дараа дахиад хөглөх шаардлагатай болдог вэ?
- Янз бүр. Сургалтын зорилгоор ашигладаг төгөлдөр хуур бол ачааллаасаа болно. Өдөр бүр 6-8 цагийн хичээл давтдаг төгөлдөр хуурыг гурван сард нэг удаа хөглөхгүй бол хөг нь гарчихна. Манай сургуулийн хичээл хийдэг анги бүр төгөлдөр хууртай. Тэрийг хүүхдүүд балбана, гишгэнэ, нүднэ. Ийм мэтийн ачааллаасаа болоод бас хөггүй болдог. Гэрийн хөгжим бол хүн нэг их оролддоггүй болохоор жилдээ нэг хөглөхөд гайгүй. Ер нь хөгжмийг хагас жил тутамд нэг хөглөх стандарттай. Яагаад гэхээр Монгол улс эрс тэс уур амьсгалтай. Мод нь хатна, хатсан мод нь хөг барихгүй болно гэх мэт. Намар халаалт ирж гэр жигд дулаан болчихоор нэг хөглөдөг юм. Учир нь, утасных нь хөг халуунд буудаг. Ер нь ямар ч модон хөгжмийнх тэгдэг. Жишээлбэл, морин хуур, хийлийн хөг халуунд буурч, хүйтэнд өсдөг юм. Тэгээд халаалт буугаад гэр сэрүүсээд, цонхоо ойлгож агаар сэлгээд эхлэхээр бас нэг хөглөнө. Ер нь Монголд бол халуун, хүйтнээс болоод ийм шаардлага тулгарахаас биш төгөлдөр хуурыг жилдээ нэг хөглөөд байхад гайгүй ээ. Их муу хөгжим байх юм бол, жишээ нь колк нь барихгүй байвал хэцүү. 240 колкны ааш авир янз бүр байна шүү дээ. Яагаад гэвэл колкийг царс модыг гурав давхарлаад гурван тийш нь ширхгийг нь зөрүүлээд наачихсан модон дээр суулгадаг юм. Тэрэн дээрээсээ хөгөө барьдаг. Ширхэг нь зөрөхөөр урагддаггүй юм. Тэгээд ширэм, колк хоёроо аяган хэлбэртэй царс модоор жийрэглэдэг. Төгөлдөр хуурын хийц бол сонин шүү дээ. 240 утас, 88 даралттай. Зарим даралт нэг, зарим нь хоёр, гурав, дөрвөн утастай холбоотой байна.
"Цагаан лавай" студи дэх төгөлдөр хуур.
- Төгөлдөр хуурын 240 утсанд бүгдэд нь хөг оруулах уу?
- Тэгнэ. Хөгжим хөглөхөд зориулсан гар утасны янз бүрийн аппликэйшн байдаг юм. Тэр нь тодорхой диапазонд сонсдог. Төгөлдөр хуурын энгийн даралтад л зөв ажиллана. Дээшлэх, доошлоход худлаа ажилладаг. Тэгэхээр хөгжмөө илүү уянгалаг, гармонилог болгохын тулд чихээрээ сонсож байх ёстой. Хөгжим хөглөгчийн ажил ерөөсөө тэр.
- Тэгэхээр хөгжим хөглөгчийн хамгийн чухал юм сонсгол уу?
- Хөгжим хөглөгч бол нэлээн гайгүй хөгжимчин, мужаан, дархан, нэмээд инженерийн сэтгэлгээтэй хүн байх ёстой.
- Төгөлдөр хуурын тагийг заавал нээж тоглодгийн учир юу юм бол?
- Дууны ойлт нь үзэгчид рүү цацарна гэсэн үг. Олон хүнд сонсогдоно. Таглаатай үедээ нэг тийм сонин дуугарна. Нээсэн үедээ өөр. Солист уу, хоёр дуучин уу, найрал дуу юу гэх зэргээс хамаараад ямар үед тагийг хэдэн хэмээр онгойлгох нь хүртэл учиртай. Харин хадгалахдаа заавал хаах ёстой.
- Хөгжим хөглөх, засах хоёр уул нь тусдаа ажил байх. Гэхдээ та хоёуланг нь хийдэг юм шиг ээ?
- Бүгдийг нь засна, тэгээд хөглөнө.
- Хийж байсан хамгийн сонирхолтой засвар тань юу вэ?
- Хөгжим хөглөгөөнөөс үү? Энэ чинь ёстой гунигийн ажил шүү дээ. Юу нь сонирхолтой байх юм бэ? Хэнтэй ч ярихгүй цаг гучин минут дон, дон гэсэн юм сонсоно. Тэрийг тэвчих хүн ховор. Би бол хүмүүсийн хийдэггүй ажлыг хийх юмсан гэж боддог байсан болохоор хөглөгч болсон. Зорилго нь төгөлдөр хуурыг ямар ч байсан ажилладаг болгох учраас юм олддоггүй, ховор байх үед элдвээр аргалдаг байсан юм. Засаад л, хөглөөд л. Ховор л ажил болохоос биш гунигийн ажил.
- Монголд одоо хөгжим хөглөгч олон болсон болов уу?
- Одоо ч таван хүн л бий. Анх намайг хөгжим хөглөгч болж байхад Фурков гэдэг орос мэргэжилтэн байлаа. Тэр хүн 1992 онд нутаг буцсан. Тухайн үед Чинбат багшийн дүү Үнэнбат гэж, оросуудыг удаан дагасан, Монголд нэг номерын хөглөгч байлаа. Тэгээд Бат-Очир ах, түүний хүү Батхүү, тэгээд Банзрагч гэж байв. Тэгэхэд би карьер нь өсөж яваа хөглөгч байлаа. Үнэнбат ах бурхан болсон. Одоо бол би, Батхүү, түүний дүү Насанбат, тэгээд өөр хоёр хөглөгч байна.
- Хөгжим хөглөгч бэлтгэх сургалт Монголд байна уу?
- Ер нь бол ийм сургалт хоёр удаа болсон. Фурков гуай байхдаа “Мэргэжилтнүүд явчхаар Монголд хөглөгч олдохгүй” гээд би орчуулагчийг нь хийж Хөгжим бүжгийн сургуульд сургалт зохиосон юм. Сертификат ч олгосон. Дараа нь Японоос мэргэжилтэн ирж нэг жил шахуу ажиллалаа. Тэр мэргэжилтэн сургах хүнээ өөрөө сонгож авсан юм. Нэг удаа намайг дуудахад нь очиж хөглөж үзүүлэхэд “Чамд юм заахгүй ээ. Чи бол яг орос хөглөгч байна” гэсэн. Одоо бол хөглөгчийг шавь сургалтаар бэлдэж байна. Би хоёр хүн бэлдэж байгаа. Нэг нь Хөгжим бүжигт, нөгөө нь Дуурийн театрт бий.
- Олноор нь сургаж болдоггүй юм уу?
- Үгүй. Хөгжим бол тийм том зах зээл биш. Айлууд одоо л гэртээ хөгжим тавьдаг болж байна.
- Тэгэхээр төгөлдөр хуур хөглөгчийг Монголд олон болгох хэрэгцээ байхгүй юм байна?
- Хөгжим хөглөгч олон байх ашиггүй. Одоохондоо манайд хөглөгч дутмаг биш. Хөгжим олноор төвлөрсөн газруудад л хүн хэрэгтэй. Өнөөдөр Дуурийн театр 11, Хүүхдийн ордон 20 төгөлдөр хууртай. СУИС гучаад төгөлдөр хууртай, тэнд заавал хөглөгч байна. Хөгжим бүжгийн консерватори л Монголд байгаа хамгийн олон төгөлдөр хууртай газар юм. Шинэ барилгадаа бас хөгжимтэй болсон гэхээр 200 гарсан байлгүй.
- Яг энэ студийн төгөлдөр хуур гэвэл хэд вэ?
- Манай энэ "Цагаан лавай" студид хоёр төгөлдөр хуур бий.
- Цаг үеэ дагаад төгөлдөр хуур гэдэг хөгжим өөрчлөгдөж шинэчлэгдэнэ гэж байх уу? Мөн хөглөх, засварлах арга нь?
- Яалаа гэж. Цахилгаан хөгжим бол өөр. Би рок попынхны бүх цахилгаан хөгжмийг засаж байна. Ийм хөгжим хөг алдана гэж байдаггүй юм. Эвдэрсэн гэмтсэнийг нь л засдаг юм.
- Ажлаар тасрахааргүй юм байна. Яг одоо цахилгаан хөгжим засаж байна уу?
- Одоо энэ студид засвар хийж байгаа хэдэн хөгжим байна. Цэргийн ансамблийн нэг, хувийн студийн нэг. Хэн нь ч билээ надаар засуулаад ирж авалгүй зургаан жил болж байгаа төгөлдөр хуур тэр байна, саяхан бэлгэнд ирсэн нэг байна.
- Монголд хөгжмөө өөрөө хөглөдөг төгөлдөр хуурч бий юу?
- Байхгүй. Тэрийг сурах шаардлага байхгүй.
- Та хүмүүсийн хувийн хөгжмийг хөглөхөөс гадна ямар байгууллагуудтай хамтран ажиллаж байна вэ?
- Одоо Улаанбаатарт байгаа бүх чуулгатай хамтарч байна. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Үндэсний хөгжмийн их найрал, Монгол улсын филармони, Дуурь бүжгийн эрдмийн театр, “Түмэн эх”, “Улаанбаатар” чуулга байна.
- Төгөлдөр хуур хөглөхөд ямар багаж ашигладаг юм бэ?
- Хөгжим хөглөгчийн гол багаж бол төгөлдөр хуур хөглөх түлхүүр юм. Алх ч гэж ярьдаг. Миний цүнхэнд хоёр төрлийн бахь, хутга бий. Савтай цавуу заавал байна. Цавуугаа шингэнээр нь хэрэглэхгүй, өтгөрүүлдэг. Мөн нэг жижиг саванд цэмбэ хийгээд авч явна. Дуу намсгадаг юм. Тэгээд хоёр төрлийн отвёртк (халив) байна. Отвёрткны төрлийн тохиргооны түлхүүрүүд байна. Нийт зургаан төрлийн түлхүүр авч явдаг. 1995 онд Японы багаж зэмсгийн “Watanabe” компанид захиалж хийлгэсэн алх байна. Энэ алхаар л амьдарлаа залгуулж байна шүү дээ. Мөн хөгжим хөглөгчид заавал байх багаж бол камертон (англиар tuning fork. Ред.) юм. Энэнээс 440 герцийн ля ноот дуугарна. Ганцхан энэ ноотноос л эхний утсаа хөглөж эхлээд цаашаа бүх 240 утсыг хөглөдөг гэсэн үг. Стандарт хөг нь 440 герц. Гэхдээ Морин хуурын чуулга бичлэгт орох болбол 442 герцээр хөглөдөг. Хоёр герцийн ялгаа их. Яагаад гэвэл, Морин хуурын чуулгад цохивор хөгжим их ашигладаг. Тэр дотор маримба гэж, төгөлдөр хуурынх шиг олон даралттай, модоор хийдэг цохивор хөгжим байна. Чуулгын маримба “Yamaha”-гаас 442 герцтэй ирсэн болохоор бусдыг нь адилхан болгосон юм. Одоо 432 герцтэй хөг шинээр гарч ирж байгаа. Өнөө цагт хөгжим гэдэг маань шинжлэх ухаан болоод, ийм герцтэй байх ёстой гэж санал дүгнэлт гараад, дэлхий даяараа зөв, бурууг нь шүүн хэлэлцэж байна шүү дээ. Хөгжим хөглөгч анх болоход аавын маань бэлэглэсэн камертон байна. Надтай гучин жил боллоо.
Миний аав Улсын циркийн анхны 12 хөгжимчний нэг, үлээвэр хөгжимчин. Тромбон (монголоор татах бүрээ. Ред.) тоглодог байсан нь энэ хананд өлгөөтэй байна. Өвөө маань бас хөгжим тоглодог байсан гэдэг.
За ингээд төгөлдөр хуурын тохируулганы багаж нийтдээ гучаад төрөл. Байнгын хэрэглэдэг таван тохиргооны түлхүүр байна. Мөн сэлбэг буюу капсул, контр фингер зэрэг өөр өөрийн нэртэй, уяатай, дэгээтэй янз янзын модон эд анги цүнхэндээ авч явдаг. Ер нь бол цүнхнийхээ хэмжээгээр л авч явна. Том цүнхтэй бол даахгүй болтлоо л багаж авч явдаг гэж ойлгоход болно.
- Тэр алхыг Японоос яаж захиалсан хэрэг вэ?
- “Yamaha”-гийн төлөөлөгчийн газрын захиралдаа хэлж захиад 500 доллароор худалдаж авсан юм. Тухайн үед доллар 400 төгрөг байсан болохоор нэг их мөнгө байгаагүй. Би үндсэн 40 мянган төгрөгийн цалин дээрээ 200 долларын бэлэг дугтуйнд авдаг байсан.
Төгөлдөр хуур хөглөхөд хэрэглэдэг багажууд.
“Аймшгийн кино үзсэн ч айдаггүй, инээдмийн кино үзсэн ч инээдэггүй”
- Дууны найруулагчийн хамгийн чухал зэвсэг юу юм бэ?
- Найруулга зүй дээрээ бол хамгийн чухал нь компьютер. Тэгээд яригч орно. Надад орчин үеийн яригч байна. Гэхдээ энийг голоод 1980 оныхыг ашиглаж байгаа. Нам яригч нэмээд дөрвөн зурвасаар сонсдог юм. Дууны ялгарал гэдэг юмаа барьж ажиллахаар орчин үеийн төхөөрөмжөөс илүү байдаг учраас тэр. Дараа нь холигч буюу пульт, тэгээд микрофон орж байна. Компьютертэй нөхөрлөсөн түүх маань их хөгжилтэй. Би 1995 онд PC-9801 гээд компьютер (Японы NEC компанийн PC-9800 цуврал персонал компьютерийн 1982 онд гарсан анхны загвар. Ред.) дээр сууж байлаа. Тэр нь MS-DOS системтэй, хар дэлгэцтэй, дөрөвхөн өнгөтэй, битүү япон ханзтай. Ийшээ ороод ийшээ орохоор ийм юм гарч ирнэ гэж хар таамгаар сурсан. Тэрэн дээрээ тушаал энэ тэр юм шивдэг байлаа. Дараа нь “Mаcintosh P1” гэдэг, флоппи диск уншдаг, цонхноос цонхонд шилждэг гоё компьютертэй болсон. Тэгээд “PowerMac 300” гэдэг DOS системтэй, бүр хурдан эдтэй боллоо. Тэрэн дээр “Mario” тоглож болдог. Харин 1998 онд “Pentium 486” компьютертэй болоод инстолоор программ суулгаж сурав. Тэгээд 2002 оноос Улаанбаатарт байгаа бүх студиэр явж программ суулгадаг боллоо доо. Бүр форматлаад, программыг нь суулгаад 5000 төгрөг авдаг байлаа. Тэр үед интернэт маш удаан байсан болохоор инстолоо хэд хэдэн газар хуулж хадгалаад л вирус гэдэг юмтай анх тулж байв.
Үндэсний радиод ирээд би CUBE 3.0 программ нэвтрүүлсэн. Дараа нь 5.0 болгож шинэчилсэн. Одоо би өөрийнхөө компьютер дээр, лицензтэй CUBE 11.0 дээр ажилладаг. 600 еврогоор худалдаж авсан юм. Байгууллагын компьютер шатсан.
- Дууны найруулагч хүний дуртай хөгжмийн зохиолч, хөгжмийг асууж мэдэх сонирхол төрж байна?
- Дууны найруулагч бүх төрлийн хөгжмийг сонсдог байх ёстой. Хэт туйлшрах юм бол яг тийм юм бичих гээд дайраад байдаг юм. Тэгж болохгүй. Би энд нийтийн дуу бичихдээ нийтийн дуучин шиг ажиллах ёстой. Надад ирснийг нь хийнэ, бас эрж хайж хийдэг. Тэрнээс тэр илүү, дутуу, сайн, муу бүтээл гэж ярих судлаач би биш. Хип хопт дургүй гээд би тийм хөгжим бичихгүй байхгүй шүү дээ.
- Бичүүлэх гэж ирсэн хөгжмийг та жирийн сонсогч биднийг бодвол сайн, муу маш олон талаас нь сонсдог буюу шинждэг байх, тийм үү?
- Ер нь мэргэжлийн үүднээс нь ялгаж сонсдог. Аймшгийн кино үзсэн ч айдаггүй, инээдмийн кино үзсэн ч инээдэггүй гэсэн үг. Тийм эффект ашигласан байна, тэдэн замаар бичсэн байна гэсээр байтал дуусчихдаг. Жишээ нь, дуу сонсохдоо хоолой нь урдаа, давтамж нь ардаа байна, энэ үед ингэсэн бол дээр байж, энд ямар гоё арга ашиглаа вэ, хоолойг нь төд давхарлаж бичсэн байна гэж таашааж, шүүмжилж сонссоор байгаад таардаг юм. Тоног төхөөрөмжийн инженер учраас тэдгээр бичлэгээс, ашигласан микрофон, чихэвчийг нь хүртэл ажигладаг. Микрофон бүр өөр өөр дуугаралттай. Эндээс надад байхгүй микрофон ямар дуугаралттай байгааг мэдэрчихэж байгаа юм. Ер нь бол бичлэг хийж байхдаа тухайн хүнд ямар ч хамаагүй микрофон тавьж өгдөггүй. Жишээ нь, эмэгтэй хүн доод өнгөөр дуугарахгүй. Дундаас дээш өнгөөр дуугарна. Тэгэхээр тэр өтгөн дуугарах явцыг хамгийн сайн дуугарч байгаа герцээс нь авдаг микрофон тавих юм бол зөв дуугарна гэсэн үг. Тэрийг нь мэдэрдэггүй микрофон тавьчихвал хиймэл дуугарна. Микрофоныг брэнд дагаж сонговол сайн. Бас хүнд өгдөггүй. Хүнд хэрэглүүлэхээр өгөөд явуулбал характер нь сонин болчхоод ирдэг юм. Микрофон унагаачхаад “Өө, ажиллаж л байна” гээд аваад ирнэ. Гэтэл дуугаралт нь ондоо болчихсон байдаг. Тэрийг засах боломжгүй. Тэгэхээр дууны найруулагч ямар хөгжимд аль микрофон тохирох вэ гэдгийг хүртэл мэдэрнэ. Жишээлбэл, үлээвэр хөгжимд микрофон тавихад эвгүй. Яагаад гэвэл фазын зөрөө гарна. Чанга дуугардаг учраас хамгийн дүлий микрофоноо сонгодог. Дуурийн дуучныг дуулахад чанга, нам хоёр төрлийн микрофоноор бичдэг. Дараа нь би тэр хоёроосоо ашигтай хэсгүүдээ авна.
- Гэхдээ олон хүнтэй ажилласны хувьд танд хамгийн сайн гэж нэрлэх дуучин байгаа биз дээ?
- С.Наран байна. Манай студид нэг өдөр гурван дуу бичүүлсээр гуравхан өдөрт нэг цомгийн ажил дуусгачихаж байлаа. Студи ямар ч ашиггүй ажилласан гэсэн үг. “Нисванис” бол бид нарт их мөнгө өгсөн. Цомгийг нь хоёр жил бичиж байв. Нөхдүүд байнга алга болчихгүй ч зуны цагаар сураггүй болно, шинэ жилээр бол бүр ирэхгүй.
- Тэгвэл ямар дуучидтай ажиллахад төвөг багатай байдаг вэ?
- Ер нь дуу бичихэд дуурийн дуучид их сайн байдаг. Хариуцлагатай дуучин сайн. Мөн авьяаслаг дуучин их сайн. Хариуцлагатай дуучин бол дуулах гэж буйгаа өөрийн болгож бэлдээд өгүүлэмж, тактикаа гаргачихсан, үгэн дээрээ ажиллачихсан байдаг. Авьяаслаг дуучин бол “Ингэж дуулбал гоё юм даа” гэж бодоод тэрийгээ хэлэхэд яг хэлснээр хийдэг. Авьяас гэж тэр. Жишээ нь, А.Хаянхярваа хэлсний дагуу маш сайн хувирдаг, дуурь сайн дуулдаг. Гэтэл тэгж хувирдаггүй, хэлснийг гаргаж чаддаггүй дуучин мянга байна шүү дээ.
- Бичлэгийн үеэр дуучид ихэвчлэн юун дээр алддаг юм бэ? Хориод жилийн өмнө энэ байдал ямар байсан, одоо хэр өөрчлөгдсөн бол?
- Анх студи байгуулахдаа рок попынхныг их бичдэг байсан. Нийтийн дуучдыг бодоход тэд туршлагатай байжээ. Тухайн үеийн систем аналог болохоор пультнээс шууд хальс руу ордог, засах боломжгүй. Тэгэхээр дуучныг өнгө алдахаа больтол нь бичнэ, ингэхээр цаг их ордог байлаа. Харин С.Наранг бол тэгэх шаардлагагүй, өнгө алдахгүй дуулдаг. Одоо бол компьютер дээр үг, ая, үсгээр нь засаж болно. 1999 оронд “Тосонгийн орой”-г дуулдаг Д.Надмид эгчийг бичиж байсан юм. Тэр үед нас 50 гарсан байж. Д.Надмид эгч дуулаад, би тэр хооронд төхөөрөмжөө бэлдээд, энэ хэсэгт ингэх юм гээд баримжаалж байтал дуу нь гурван минут болоод дуусчихаж байгаа юм. Гэтэл төхөөрөмж маань дөнгөж халаад бэлэн болж байлаа. Хоёр дахиа дуулуултал дундуур нь алдаад, гурав дахь дээрээ хоолой нь цуцчихсан. Тэгээд л би эхнийхийг нь бичиж авахгүй яав даа гэж харамссан. Тэрнээс хойш эхнээс нь шууд бичиж авдаг болсон доо. Одоо бол дуулахаас нь өмнө бүгдийг бэлдчихсэн байна. Тэгээд “Дуугаа сонсгочих” гээд анхны удаа дуулуулахад дуучин яг өөрийнхөөрөө дуулна. Дараа нь хэлсэн санаа оноог сонсоод хоёр дахь удаагаа засаад дуулна. Ингэсний дараа гурав дахь дээрээ ядарч дуулдаг. Миний хэлсэн баахан юмыг бодоод түгшиж дуулахаар миний юмыг дуулчихсан болж байгаа юм. Эцэст нь, би тэр гурваас хэрэгтэй хэрэгтэйг нь түүж авдаг даа.
- Алдаагүй гэж үздэг дуу танд байна уу?
- Дуучин Б.Эрдэнэчимэгийн “Мөнх тэнгэрийн хурай” байна. Энэ дээр урт амьсгаагаар дуулсан хэсэгт дуучин нь бахардсан байх аа. Б.Эрдэнэчимэг бол уртын дууны ангийн оюутан. Энэ дуу нь бол түүнд зохисон. Харин “Таминь ээ” бол зохиогүй. Би анх “Мөнх тэнгэрийн хурай”-г сонсож клипийг нь үзээд, энэ бол өвлийн дуу юм байна гэж бодсон юм. Наадмаар дуулж байхыг нь сонсоод, тийм биш юм гэж ойлгосон. Энэ бол сайн дуу. Эх нутгийн тухай дуу.
Дууны найруулагч Д.Батсайханы ажлын ширээ.
“Маамуу нааш ир” дууг нэг сар бичсэн
- Монголын радиог мэдэхгүй хүн Монголд байхгүй. Гэхдээ бидний огт мэдэхгүй зүйл энд байна. Тухайлбал энэ студи?
- “Цагаан лавай” студийн зааланд ороход цуурайтаж байгаа биз? Тэнд агаар байна гэсэн үг. Гэтэл таг чимээгүй өрөө ч МҮОНРТ-д бий. Монголд ганц байдаг silent room. Шалгүй, зургаан талаасаа хадаастай. Энд дуу чимээний тоног төхөөрөмж туршиж, шуугианы түвшнийг нь тааруулдаг юм. Техникийн тийм зориулалттай учраас таг чимээгүй байгаа хэрэг. Мөн дотор нь 40 минутаас илүү байж болдоггүй. Учир нь, дан ганц зүрхний цохилт, судасны урсалтаа сонсоод эхлэхээр хүн галзуурна. Дээр үед энэ өрөөнд техникийнхэн хэмжилт хийдэг байсан гэсэн. Шинэ төхөөрөмжтэй болчихвол ашиглана байх. Silent room бол нэг ёсны лаборатори юм.
Радио нийт арван студи, нэг чимээгүй өрөө, нэг цуурайтай буюу бетонон ханатай өрөөтэй. Гэхдээ цуурайтай өрөөг сая сөнөөгөөд агуулах болгочихсон. Манай студийн хана, тааз, дээвэр, шал, багана нь хоёр давхар. Гаднаас ямар ч доргилт, дуу чимээ орж ирэхгүй, доторх чимээ нь 0.2 м/сек тархалттай дуугардаг. Багана нь дотуураа хөндий, нам дуу авиаг шингээдэг. Дээрээс нь өлгөсөн хадаас нь шингэн дуу авиаг сарниулдаг. Булангүй. Булангүй учраас дуу цугларахгүй. Онолоор бол дотор орчны акустик гэсэн үг.
Минийхээр бол дуу гэдэг чинь шал өөр юм. Дуу орчинд 340 м/сек хурдтай тархана. Тэгэхдээ агаарын найрлагаас хамаараад энэ хурд янз бүр байдаг. Чийглэг, хуурай, салхины нөлөө ихтэйд гэхчлэн өөр өөр. Миний сууж байгаа энэ өрөө өвөл ч, зун ч 19 хэм. Зун гэхдээ 22 болох нь бий. Харин өвөл 19 хэмээс буухгүй. Халаагуургүй өрөөнүүд. Би жаахан даараад байвал асаах гээд халаагуур тавьсан байна. Хөгжим халахаараа, хөрөхөөрөө нэг ондоо дуугардаг болохоор студийн дулаан тогтмол байвал дуугаралтын гажаа үүсдэггүй юм. Мэдээж хөгжмийг өвөл ч, зун ч, гадаа ч, дотор ч тоглуулна. Жишээ нь, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн өвөл гадаа тоглохоор болбол хөгжмөө спиртээр арчдаг. Хамгийн том бүрээ нь 150 мл буюу хамгийн их спирт ашигладаг. Спиртийг амаар нь хийгээд гүйлгэнэ. Дууны найруулагч бидэнд спирт заавал байдаг. Жишээ нь, хальстай магнитофоны толгойг заавал арчиж цэвэрлэж байхгүй бол шажигнаад байдаг.
- Хөгжмөөс гадна дуулах хүний хоолой бас янз бүр болно биз?
- Бичлэгт орж байгаа дуучин сандрахаар хоолой нь бөглөрчихдөг. Орой 20 цагаас хойш, ядарсан хүний хоолой доошоо дуугарна. Тэгэхээр нь 5 грамм архи халбаган дээр бүлээсгээд өгөхөөр 15 минут сэргэлэн дуугараад тэгээд цаашаагаа бүр байхгүй болно доо. Ер нь дуучдын хоолойг сэрээхийн тулд хүйтэн ус уулгах, бүлээн усаар зайлах, ус уулгахгүйгээр хоолойг нь зайлуулаад асгах гэх мэт аргууд бий. Хоолой гэдэг чинь мах юм. Хүн бүрийнх янз бүр. Тийм болохоор үдийн хоолноос цагийн дараа хоолойны бичлэгт орвол сайн. Гэвч ихэнхдээ амждаггүй болохоор шөнө бичүүлдэг. Орой дуулах дуучин үд хүртэл унтах ёстой. Сэрээд хоёр цагийн дараа хоолойнд орно. Хүний хоолой тэгж сэрдэг. Бүр унтахдаа ч бэлддэг. Хоолой нь унтчихсан байна гэж ярьдаг юм. Тэгэхээр р, с, т үсэг нь цаашаа ороод, уруул нь зөөлрөөд ирнэ. Тэгвэл сэргээх арга хэрэглэнэ. Хоолой бичүүлэх хүмүүст чихэрлэг юм идүүлж, уулгадаггүй. Тэгэхгүй бол шүлс ихээр ялгардаг. Эмэгтэй дуучин бол сарын юм нь ирчихвэл дуулахгүй, хүчгүй болчихдог. Дуучид гэдсээрээ амьсгаа авч дуулдаг юм. Уушгиараа биш. Уушги булчинлаг эрхтэн биш учраас хүн гэдсээ шахаж хүчтэй дуугардаг.
Энэ студид хүүхдийн “Улаан бүч” чуулгын дууг бичдэг. Тэдэнтэй ажиллахад бол бас л алж өгнө шүү дээ. Ер нь над дээр дуучин биш дуучингууд зөндөө ирдэг юм. 3-4 настай цэцэрлэгийн гавьяатууд ирнэ шүү дээ. “Дуулмаар байна”, “Хурдан бичье” гээд л айлгана. Зургаан сургууль, цэцэрлэгийн 160 хүүхэд “Маамуу нааш ир”-ийг дуулсан. Нэг сар бичсэн.
- Энэ студид таны оролцоотой бичсэн хамгийн нүсэр хөгжим гэвэл юу бол?
- Монголын үе үеийн бүх симфони, киноны хөгжмийг энэ студид бичсэн. Хамгийн сүүлд “Халуун сэтгэл” аян, “Тамгагүй төр” жүжгийн бичлэгийг хийлээ. Том студи учраас дуурь гэх мэт олон хүн оролцсон бүтээлүүд бичдэг юм. Хамгийн олон нь гэвэл, цэргийн хоёр хоор, үндэсний хоёр оркестр, 16 солист, нийтдээ 130 хүний бүрэлдэхүүнтэй хөгжмийн бичлэгийг хийж байлаа.
- Дуу, хөгжмийг бичих явц ийм юм байна. Дууны найруулагчийн дараагийн ажил юу вэ?
- Дууны найруулагч төхөөрөмжөө бүрэн мэдэх ёстой. Мөн бичлэгийнхээ арга зүйг мэддэг байх ёстой. Стилиүдийг мэдэрдэг, мэддэг, дуучинтайгаа ажиллахдаа мэдрэмжтэй байх ёстой. Одоо дууг, хоолойг бичсэний дараа үсэг үсгээр нь засаж болдог болсон. Манай телевизийн “Том ахын аялал” нэвтрүүлгийн дуун дээр “хандгай” гэж дуулдаг юм. Тэгтэл манайхан “Хандгайны зураг олдоогүй. Энийг хавтгай болго” гэснээр хавтгай болгосон. Ер нь аймаар аймаар ажил хийнэ шүү дээ. Манай радио, телевизийн нэврүүлэгчид халх аялгаар ярих учиртай. Мэдээ, нэвтрүүлгийн хоолойг уншихад үг, өгүүлэмж нь ямар байх вэ, яаж зөв унших вэ гэдэг чухал. Бичлэгээ хийчхээд засаж болох учраас өгүүлбэр төгсөөд дараагийн өгүүлбэр эхлэхэд нь намсгаж, утга агуулгад нь тааруулаад пауз авхуулж болно.
- Тус бүрд нь микрофон тавьж олон замаар бичвэл сайн гэлцдэг?
- Зам гэдэг зурвас болгон давхардуулж бичиж байгаа хэрэг. Төрийн дууллыг 67 зам дээр бичсэн бол “Улаан бүч”-ийн дууг би 14 зам дээр бичдэг. Хамгийн олон зам ашигласан нь гурван зуун хэд. Үндэсний оркестртой хамтарсан Ч.Чинбатын “Аварга зээрд” гэдэг дуу байна. Бичсэн дээрээ ажиллахад олон замаар бичсэн байх нь сайн. Хоёр замаар бичсэн бол юуг нь ялгах вэ дээ. Зам бүр микрофонтой холбогдоно. Гэхдээ 300 зам гэдэг бол ажлын явцтайгаа холбогдож байгаа болохоос 300 микрофон холбосон гэсэн үг биш. Сонирхуулахад, нэг микрофон хэрэглэдэг дуучин байхад, арван микрофон хэрэглэдэг хөгжимчин байна. Хамтлагийн бөмбөрчинд бол бөмбөр тус бүр дээр гэсээр арван микрофон тавьдаг. Цан, хөлд, ерөнхий, зайнаас гэх мэт. Микрофон хүрэхгүй бол хоёр хүний дунд нэгийг тавина. Дуу бичнэ гэдэг сонирхолтой ажил л даа.
- Та 45 микрофон, 64 кабельтай гэсэн. Хэдэн чихэвчтэй вэ?
- 26 чихэвч бий. Мэргэжлийн түвшний хамгийн хямдхан чихэвч ч байна. Манай “Цагаан лавай” студи квадратаараа том болохоос биш төхөөрөмж нь үнэтэй биш шүү дээ. Олныг хамарсан бичлэгийг энд хийдэг. Тэрнээс биш нэг хүнийг бичнэ гэвэл хэцүү. Дуурийн оркестр 50 хүнтэй. Тэдэнд миний чихэвч хүрэлцэхгүй учраас удирдаач, нэгдүгээр хийл, цохивор хөгжимчдөд л өгдөг. Яагаад гэвэл, цохивор хөгжимчид удирдаачаас хол зогсож байгаа, урд зогсож байгаа хөгжимчдийг сонсохгүй. Удирдаач чихэвчтэй байвал бүгдийг нь сонсох буюу миний сонсож байгааг сонсоно. Тэгэхээр удирдаач илүү мэдрэмжтэй сонсоно. Чихэвчээр энгийн чихнээс 20 дахин илүү хүчтэй сонсож байгаа шүү дээ. Тэгээд би эндээсээ команд өгнө. Загнана. Найр тавьсан сайхан ааштай байвал хүмүүс давардаг. Тэгэхээр цаг урсаад л байна. Муухай аашилбал “Энэ нэг балиар ааштай юмнаас хурдан салъя” гээд хурдан бичүүлнэ.
- Ер нь дууны найруулагч хүн тан шиг хөгжимчин байвал зүгээр бололтой?
- Ер нь тийм. Хөгжим тоглодог байвал бүр сайн. Хөгжим тоглодог гэдэг чинь мэдрэмжээ хөгжүүлсэн хүн гэсэн үг.
- Таны энэ өрөөнд байхгүй юм гэж алга аа. Хэчнээн төрлийн юу юу ч байгаа юм, учир тойм алга. Кабелийн утаснууд гэхэд л хэдэн км болохоор юм байна.
- Яг энэ студид нэгдүгээрт, төгөлдөр хуур хөглөхөд хэрэгтэй багаж, сэлбэгүүд байна. Мөн би дууны найруулагч учраас дуу бичихэд хэрэглэх төхөөрөмж, дагалдах хэрэгсэл байгаа. Би радиод суудаг студийн найруулагчаас гадна явуулын бичигч хийдэг. Тэгэхээр явуулын төхөөрөмжүүд хувийнх ч, хувьсгалынх ч байна. Суурин төхөөрөмжүүд ч бий. Хоёрдугаарт, би өөрөө бүх юмаа засдаг учраас эвдэрхий юм ч олон байгаа. Гуравдугаарт, манай найзууд студи байгуулна гээд надаар баахан юм цуглуулуулсан. Хүний хаясан, агуулахаас акталсан, худалдаж авсан есөн шидийн дүрсний төрлийн юм байна. Дүрсээ дагаад гэрэл, дуу, камерын юм байх нь мэдээж. Наад зах нь л дамран хальс, дамран хальсны магнитофон, кассет гээд үе үеийн төхөөрөмж байна даа. Энэ өрөө ер нь засварын газар шиг л харагдаж байгаа байх.
"Цагаан лавай" студи дэх Д.Батсайханы өрөөнд.
Машин унадаг байсан бол засч сурах л байсан
- Таны анхны мэргэжил бол хийлийн багш, оркестрийн хөгжимчин. Та энэ мэргэжлээрээ ажилласан уу?
- Би Хөгжим бүжгийн коллежид 12 жил хийлчээр сурсан. Гэхдээ түүгээрээ ажиллаагүй. Төгөлдөр хуур хөглөгч болчихсон учраас хөгжимчин гэхээсээ хөглөгч юм. Суралцаж байхдаа бол тоглолтод л орж байснаас биш төгссөнөөсөө хойш тоглоогүй дээ. Миний наймдугаар ангидаа барьж байсан хийл бас л энэ өрөөнд байна. Актлахад нь худалдаж авсан юм.
- Та ямар ямар хөгжим тоглож чадах вэ?
- Хийл, гитар, төгөлдөр хуур. Төгөлдөр хуур олигтой тоглохгүй, өөртөө зориулаад л, хөглөсөн хөгжмөө хянах маягаар ганц нэг ая тоглолгүй яах вэ. Хөглөсөн хөгжмөө шалгахдаа ихэвчлэн Бетховений Наймдугаар сонатын хоёрдугаар ангийг тоглодог юм. Учир нь, энэ ая удаан бөгөөд орчин үеийн гармонитой. Гармонийн нийлэмж нь стандарт хөглөгөөнд таардаг юм. Тоглосон хөгжим гэвэл Ч.Чинбатын “Адууны илчинд жавар тайтгарна”, “Freezone” хамтлагийн Төмөрөөгийн “Ард түмний дуу”, “Надаар тоглосон хайр” жүжгийн дууны гитарыг тоглосон. Би аялгуутайгаар нь акустик гитар тоглодог, соль гитар бол тоглодоггүй.
- Гитарыг хэзээ, яаж сурсан бэ?
- Сонирхлоороо л сурсан юм. 1989 онд стипенднийхээ мөнгөөр гитар авч байлаа. Тэгж явсаар 1992 онд “Баян Монгол” чуулгын урилгаар тоглолтод нь орж тоглосон.
- Цахилгаанчны мэргэжлээрээ юм хийж байна уу?
- Би яг цахилгаанчны мэргэжлээр ажилладаггүй. Одоо энд өөрийнхөө юмыг өөрөө засахаас өөрөөр цахилгааны юм дагнан хийдэггүй. Жишээ нь, телевизийн акталсан камерыг 50 мянгаар худалдаж аваад одоогоор гурван камер ажиллуулчихсан байгаа. Лайвын төхөөрөмж зохиох санаатай. Мөн зурагт засаж байна даа. Харин машин унадаггүй учраас машин засдаггүй. Хэрэв унадаг байсан бол би өөрөө судлаад, сураад, засах л байсан. Тэр нь хэмнэлттэй.
- Хөгжим бүжгийн сургууль төгссөнөөсөө хойш та олон ажил хийжээ. Алинд нь хамгийн дуртай вэ?
- Би насаараа л дуртай ажлаа хийж байна. Хөгжим хөглөгч уйтгартай ажил гэдэг нь намайг хөгжим хөглөөд сууж байхад дэргэд хүн тогтохгүй л гэсэн санаа. Удлаа гэхэд арван минут л хажууд байна. Хөгжим бүжгийн сургуулийн багш нар бол “Залхуутай ажил” гээд гараад явчихдаг байсан юм. Тэр үед оюутнууд юмаа бэлдэж ирээгүй бол “Та манай ангид орчихооч” гэдэг байлаа.
- Та “Эрдэмтэн туулай” гэдэг хочтой юм билээ. Энэ хочийг хэзээ, яаж олов?
- Муу “долир” Уянгаа л өгсөн юм. “Маршал” хамтлагийн залуу байдаг аа даа? “Баян Монгол” чуулгад бөмбөр, соль гитар тоглодог байхад нь хамт ажилладаг байсан юм. Бөөрөнхий шил зүүгээд очсон чинь “туулай” болоод, юмыг нь засаад байсан чинь “эрдэмтэн” гэдэг цол нэмэгдсэн. Одоо бол энэ хочоор минь олон хүн мэддэг. Нэрээр бол мэдэхгүй. Нэг удаа ГОК-ийн тонмейстер “бүдүүн” Батаа минийх шиг пульттэй, засуулах хэрэгтэй байгаа гэхээр нь Уянгаа “Эрдэмтэн туулай л мэднэ” гэж л дээ. Тэр хүн нь хотод ирэхээрээ нэг бол мартчихдаг үгүй бол намайг хайгаад олдоггүй байж. Тэгэхээр нь би нэг удаа Эрдэнэтэд очихдоо зорьж ороод “Ийм пульттэй юм уу?” гэсэн чинь “Тийм, чи яах гээв?” гэж байна. “Батаа гэдэг хүнтэй уулзъя” гэсэн чинь “Би байна” гэлээ. Тэгэхээр нь “Эндээ нэг микрофон тавиад” гээд ярьтал “Тавьчихна, тавьчихна. Чи гар” гээд би хөөгдөөд гардаг юм. Гараад Уянгаа руу ярьж “Нөгөө хүний чинь нэр хэн билээ?” гэвэл “Батаа” л гэж байна. “Би тэр хүнтэй чинь уулзаж чадалгүй хөөгдөөд гарлаа” гэсэн чинь үхтлээ инээгээд. Тэгээд дараа нь Уянгаа Батаад “Өөрөө ирэхэд нь чи хөөгөөд гаргасан байна лээ” гэсэн юм билээ. Өөрийнхөө студид, өөрийнхөө пульт дээр сууж байгаа хүнийг босгож болохгүй. Тэнд хүндлэл байх ёстой. Хүн өөрийнхөө юмыг өөрөө мэддэг, тэрэн дээрээ юмаа хийж байгаа. Тийм болохоор би “Одоо ингэж дуугарга” гэж хэлээд тэр хүн нь надад дуугаргаж үзүүлнэ, тэгж л ажилладаг.
- Одоо танд сурахыг хүссэн өөр ажил мэргэжил байна уу?
- Дүрс бичлэгт өнгө тавьдаг болох гээд сурч байна.
- Студидээ хүлээн авч дэлгэрэнгүй ярилцсан Танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.