Их эрдэмтэн О.Намнандорж: Сахиус минь байсан бол
Өнөөдрийн Хууч
2025-05-21
Энэ түүхийг надад суу билэгт эрдэмтэн О.Намнандорж гуайн анд Ш.Агваандондов ярьсан юм. Тэрбээр өгүүлрүүн:
“О.Намнандоржийнх гамин, бароныхон манай нутагт нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж байсан тэртээ 1921 оны зун Нийслэл хүрээнээс баруун урагшаа Бөхөг, Түргэний голоор нутаглан, цагаан идээгээ Хүрээний зээлийн газар эцэгтэйгээ цуг мориор ирж борлуулчихаад орой нь буцдаг байжээ. Нэг өглөө ирсэн чинь хүн толгойтой бүхэн “Барон жанжин Хиагтад байсан гамин цэргийг бут цохиж гэнэ. Өнөө маргаашгүй энүүгээр өнгөрөх юм байх. Замаас нь дайжихгүй бол горьгүй” гэцгээн түгшиж байжээ. Тэр хоёр авчирсан юмаа хам хум зарсан болоод бушуухан харихад гэрийнхэн нь тэдний Хүрээнд сонссоныг дуулчихсан, маргааш нь нүүхээр ачаа бараагаа янзалж, унаа хөсгөө зэхчихсэн, айсан мэгдсэн улс байжээ. Тэгж байтал зүүнтэйгээс гурван морьтой хүн тэднийд ирсний нэг нь “Хатан Туул цатгалан байна. Бид ч холын улс эртхэн шиг газар хорооё. Энэ ламыг та бүхэн тухтай байлгаж хонуулаад өглөө гол гаргаад өгч үзээрэй” гээд яваад өгчээ. Гэрийнхэн нь нөгөө ламд “Манай энүүгээр Баронд хөөгдөж, Хиагтаас дутаасан гамин цэрэг цувах юм гэнэ. Тэгээд маргааш нүүх санаатай хамаг юм ундуй сундуй. Тух алдуулах нь, яадаг билээ?” хэмэн учирлахад нөгөө лам “Танай нутгаар гамин дайрахгүй ээ. Айх хэрэггүй” гэж гэнэ. Нөгөө лам тулганы хажууд хэвтсэн шүдэнзний модноос нэгийг аваад хоёр алгандаа нидэрсэнд их гоё улаан хүрэн өнгийн эрдэнийн чулуун сондор болчихжээ. Даалингаасаа нэг утас гаргаж ирээд түүндээ сүвлээд аавынх нь хүзүүнд зүүгээд өгч. Дахин нэг шүдэнзний мод авч мөн л алгандаа нидрээд усан цэнхэр өнгийн эрдэнийн чулуу болгоод, мөн л зангиа гаргаж сүвлэн ээжид нь зүүж өгчөө. Бас нэг хугарах шахсан шүдэнзний мод авч аанай л алгандаа урвуулан өнгө алаглан солонгорсон чулуу болгоод О.Намнандоржид сахиуслан зүүж өгсөнд хүмүүсийн сэтгэл тайвширч нүүхээ больжээ. Өглөө морийг нь авчирж эмээллээд зогсож байтал лам гарч ирснээ морь харна гэж жалга руу ороод алга болчихсон гэнэ. Хүү нэлээд хүлээсэн боловч дахин барааг нь харсангүй. Тэднийхэн ч нүүсэнгүй, гамин ч үзэгдсэнгүй, амар сайхан зусч, намаржжээ.
Хэдэн жилийн хойно О.Намнандорж хүү Холбоот Орос улсын Ленинград хотод сургуульд явах болов. Нэг удаа халуун усны газар хүзүүнээсээ салгадаггүй нөгөө сахиусаа тайлж орхичихоод усанд орсон юм санж. Байрандаа хүрч ирээд гэнэт сахиусаа үгүйлэн, тэнд орхисноо санаад сандран эргээд очтол алга болсон байжээ. О.Намнандорж гуай хожим энэ тухайгаа номын садандаа хүүрнэхдээ “Юм гэж хачин шүү. Тэр сахиусаа гээгээгүй бол би яах байсан бол?” хэмээн харуусч байсан удаатай. О.Намнандорж бол жинхэнэ сахиус шигээ олон янзын эрдэм цацруулан Монголын шинжлэх ухаанд арилшгүй мөрөө үлдээж, үе үеийн сэхээтэнд үлгэр болсон яндашгүй эрдэмтэн байлаа. Тэрбээр цагийн сайнд бол хэл шинжлэл, газар зүй, рашаан судлал, одон орон судлал, угсаатнй зүй судлал, амьтан судлалын доктор, академич хүн байлаа. Хуучны ойлголтоор бол Бандида ч гэмээр. Даанч цаг үеэсээ түрүүлж мэндэлсэн тэр ухаант хүнийг атаа жөтөөний бай “эрдэм шинжилгээний ахлах ажилтан”-аас хэтрүүлээгүй юм даа. Нөгөө ламын тухай хожим олж мэдэхнээ Далай Чойнхор вангийн хошууны мэргэн Дашдаваа морилж явсан нь тэр байжээ.”
Утгач овгийн Ц.Цэрэн-Очир “Бууршгүй Монголын буянт мэргэд” номын 4 – 5 дугаар тал