Дуучин Мадонна Газын зурваст анхаарлаа хандуулахыг уриалав

Дуучин Мадонна Газын зурваст анхаарлаа хандуулахыг уриалав


   Палестины Газын зурваст болж буй эмгэнэлт явдлын талаар дуучин Мадонна болон U2 рок хамтлаг үзэл бодлоо илэрхийлэв. CNN-ийн мэдээлснээр, Мадонна Ромын Пап лам XIV Леод хандан, Газын зурваст очиж нөхцөл байдлыг нүдээр харахыг уриалсан байна. Тэрбээр олон нийтийн сүлжээнд "Эх хүний хувьд тэдний зовлон зүдүүрийг хараад тэвчиж чадахгүй байна. Пап лам тэнд очих бүрэн боломжтой. Газын зурваст очиж хүмүүст туслахыг уриалж байна" гэжээ. Мөн хүү Роккогийнхоо 25 насны төрсөн өдрийг тохиолдуулан цахим сүлжээнд нийтэлсэн үгэндээ "Газын зурваст буй гэм зэмгүй хүүхдүүдийг аврахыг хүмүүст уриална уу хэмээн хүүгээсээ хүсэж байна. Ингэж чадвал төрсөн өдрийн хамгийн том бэлэг тэр болно” гэжээ. Ирландын U2 хамтлаг мөн Газын зурваст өлсгөлөн нүүрлэж байгаад санаа зовж буйгаа албан ёсны цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна. Ингэхдээ Израиль улсыг заан нэрлэж "Хүмүүнлэгийн тусламжийг хааж, Газын зурвасыг түрэмгийлж байгаа нь урьд өмнө тохиолдож байгаагүй харгис явдал" гэжээ. Хамтлагийн ахлагч Боно Газад болж буй үйл явдалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд “Энэ бол алс холын явдал биш, бидний нүдэн дээр өрнөж байгаа үйл явц" гэжээ. ХАМАС бүлэглэлийн удирдлагад байдаг Палестины Эрүүл мэндийн яам өнгөрсөн 24 цагийн дотор хоол тэжээлийн дутагдлын улмаас таван хүн, түүний дотор нэг хүүхэд нас барсан тухай мэдээлсэн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.