Энгийн зорчигчдын дунд 21 цаг сууж ниссэн төрийн тэргүүн эмэгтэйн түүх
Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум өнгөрөгч долоо хоногт APEC-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятадын Шэнжэньд ирэхдээ ердийн арилжааны нислэгээр зорчсон нь олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байна. Хятад руу 21 цаг нисэхдээ К.Шейнбаум бизнес ангилал, нэгдүгээр зэрэглэлийн суудал бус энгийн зорчигчдын адил economy ангиллын суудалд суужээ. Энэ даруухан аялал түүний шинжлэх ухаан, улс төрийн салбарт туулсан онцгой замналыг олны анхааралд дахин авчирч байгаа юм.
К.Шейнбаум 1962 онд Мексикийн нийслэл Мехико хотод, еврей гэр бүлд төржээ. Түүний өвөө, эмээ Европ дахь хавчлага, хэлмэгдүүлэлтээс дүрвэн тус улсад ирсэн бөгөөд эцэг, эх нь шинжлэх ухааны салбарт ажиллаж байсан тул охин гэр бүлийнхээ уламжлалыг үргэлжлүүлж, шинжлэх ухааны замыг сонгосон байна. К.Шейнбаум Мексикийн Үндэсний их сургуульд физикийн чиглэлээр суралцжээ. Бакалаврын судалгааны ажлаараа, хөдөө орон нутагт ашигладаг зуухны үр ашгийг нэмэгдүүлэх, түлшний хэрэглээг багасгах, хорт утааны хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах асуудлыг судалсан байна. Улмаар магистр, докторын зэрэг хамгаалж, эрчим хүчний инженерчлэлийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд докторын судалгааны ажлынхаа хүрээнд АНУ-ын Калифорниа муж дахь Лоуренс Бэрклигийн үндэсний лабораторид ажиллаж, эрчим хүчний хэрэглээ болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг судалжээ.
К.Шейнбаум улмаар их сургуулийнхаа Инженерийн хүрээлэнд судлаачаар ажиллаж, эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийж байв. Мөн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын шинжээчдийн бүлэг (IPCC)-ийн судалгаанд хувь нэмрээ оруулжээ. 2007 онд IPCC байгууллага АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аль Горын хамт Нобелийн энх тайвны шагнал хүртсэн юм. К.Шейнбаум тус байгууллагын олон эрдэмтэн, судлаачийн нэгэн адил тайлан, судалгаанд хувь нэмэр оруулсан боловч шагналыг түүнд хувь хүнээр нь бус, байгууллагад олгожээ.
Удалгүй түүний замнал эрдэм шинжилгээний салбараас төрийн удирдлагын ажилд шилжжээ. Тэрбээр Мехико хотын Байгаль орчны асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаар ажиллаж, Тлалпан дүүргийн захирагчаар сонгогдон, 2018 онд Мехико хотын захирагч болсон байна. Улмаар 2024 онд Мексикийн тусгаар тогтнолын 200 гаруй жилийн түүхэнд анх удаа эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдож, төрийн тэргүүний албан тушаалд хүрсэн билээ.
11 дүгээр сарын дундуур К.Шейнбаум Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (APEC) дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятадын Шэнжэнь хотыг зорьжээ. “Bloomberg”-ийн мэдээлснээр, зорчигчид түүнийг “China Southern Airlines” компанийн нисэх онгоцны арын хэсэгт байрлах 33B суудалд сууж явахыг таньсан байна. Энэ аялал нь түүний өмнөх ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадорын эхлүүлсэн хэмнэлтийн бодлоготой холбоотой юм. А.Обрадорын засаг захиргаа 2023 онд ерөнхийлөгчийн тусгай зориулалтын нисэх онгоцыг худалдан борлуулснаар төрийн зардлыг хэмнэх бодлого хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд К.Шейнбаум уг зарчмыг үргэлжлүүлж байгаа аж.
Ерөнхийлөгч хүн энгийн ангиллаар, тэр дундаа дунд суудалд зорчиж буй нь маш ховор үзэгдэл. Гэвч К.Шейнбаумын тухай яриа зөвхөн 21 цагийн нислэг, 33B суудлаар хязгаарлагдахгүй. Тэр бол физикч, эрчим хүчний инженер, доктор, олон улсын эрдэм шинжилгээний ажилд оролцсон судлаач бөгөөд 130 гаруй сая хүн амтай улсынхаа түүхэнд анх удаа эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдсон удирдагч юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.





