“Associated Press”: Ким Жон Ун эрх мэдлээ охиндоо залгамжлуулахаар бэлтгэж байна
© Life.ru

“Associated Press”: Ким Жон Ун эрх мэдлээ охиндоо залгамжлуулахаар бэлтгэж байна


   Хойд Солонгосоос дүрвэж ирсэн арав гаруй хүнтэй ярилцлага хийсэн “Associated Press” агентлаг тус улсын удирдагч Ким Жон Уныг охин Ким Жү Э-дээ эрх мэдлээ залгамжлуулахаар бэлтгэж байна хэмээн дүгнэжээ. Дүрвэж ирсэн хүмүүсийн дийлэнх нь ийн үзэж байгаа болохыг агентлаг тэмдэглэсэн байна. Одоо 13 настай гэх Ким Жү Э эцгийн хамтаар Пөньяны пуужин харвалт, цэргийн парад болон бусад томоохон арга хэмжээнд олон арван удаа оролцсоноор нь “Associated Press” ийнхүү дүгнэж байгаа аж. Эдгээр арга хэмжээний талаарх Пөньяны албан ёсны мэдээнд охиныг “бид бүхний хамгийн хайртай хүүхэд”, “хамгийн эрхэм хүүхэд” хэмээн нэрлэдэг байна. Хойд Солонгосоос дүрвэж ирсэн 11 хүний найм нь охиныг Ким Жон Уны залгамжлагч байх магадлалтай гэж буй Өмнөд Солонгосын тагнуулын газрын үнэлгээтэй санал нэгдэж байгаа бол бусад нь эцгийн эрхт ёс тогтсон Хойд Солонгосын нийгэмд эмэгтэй хүн төрийн эрх барих боломжтой гэдэгт эргэлзэж байгаа ажээ.  

   Пөньяны өндөр албан тушаалын түшмэд Ким Жү Э-д удирдагчийн охин гэдэг утгаар бус, харин төрийн эрх залгамжлагчид зориулсан ёс журмын дагуу хандаж байгааг, дүрвэж ирсэн хүмүүсийн нэлээд нь нотолсон бөгөөд тэдний нэг нь Лондон дахь БНАСАУ-ын ЭСЯ-ны дипломатч асан Тхэ Ён Хо юм. Бусад дүрвэгсдийн ярьснаар, Хойд Солонгост үлдсэн танилууд нь болон Хятадтай хил залгаа бүс нутгийн оршин суугчид ч мөн охиныг дараагийн удирдагч болно хэмээн үзэж байгаа гэнэ. Гэхдээ жирийн иргэд Ким овогтын гэр бүлийн хувийн амьдралын талаар бараг юу ч мэддэггүй бөгөөд энэ талаар асууж сонирхохоос айдаг байна.

   Хойд Солонгосын дээд удирдлагад эмэгтэйчүүдийн төлөөлөл туйлын бага байгааг дүрвэгсдийн зарим нь онцлон дурджээ. Тухайлбал, Хөдөлмөрийн намын 17 хэлтсийн захирлуудын дунд ганцхан эмэгтэй буюу удирдагчийн эгч Ким Ё Жон байдаг аж. Сөүлийн "Free North Korea Radio" станцын тэргүүн Ли Си Ёны хэлснээр, Хойд Солонгосын иргэдийн нэлээд нь эмэгтэй хүн төрийн эрхэнд гарахыг таагүй хүлээж авах хандлагатай байгаа бол бусад нь их удирдагчдыг залгамжлахад хүйс тийм ч чухал биш гэж үздэг байна.

   Мягмар гарагт Хойд Солонгосын удирдагчийн эгч Ким Ё Жон хоёр улсын хил дээр мина дэлбэрсэн явдлын тухайд хэлсэн үгнийх нь төлөө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррэшийг буруутгасан билээ. Тэгвэл өнгөрөгч хоёрдугаар сард Ким Жон Ун тус улсын цөмийн хүчний удирдлагыг насанд хүрээгүй охин Ким Жү Э-дээ даалгасан гэх мэдээлэл Барууны хэвлэлд гарсан юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.