АНУ-ын Элчин сайдын яам Улаанбаатарт шинэ байр барьж эхлэв
Америкийн Нэгдсэн Улс Монгол Улсад Элчин сайдын яамны шинэ барилга барих төсөл эхлүүлж байгаагаа зарлалаа. Барилгын ажил 2027 оны хавар эхлэх бөгөөд Монголын дотоодын материал, ажиллах хүчийг ашиглахаар төлөвлөж буй нь орон нутгийн эдийн засгийг дэмжиж, Монгол орны байгалийн баялаг өвийг чухалчлан хүндэтгэж буй хэрэг хэмээн Улаанбаатар дахь ЭСЯ-наас 19-ний өдөр гаргасан хэвлэлийн мэдээнд онцлон дурджээ. Орон нутгийн хамтын ажиллагааг чухалчилж буйн нэг илрэл нь АНУ-ын Засгийн газар саяхан шинэ барилгын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний гүйцэтгэгчээр Монголын компанийг шалгаруулан гэрээ байгуулсан явдал юм. Элчин сайдын яамны барилга угсралтаас тусдаа төсөл болж хэрэгжих энэ гэрээгээр шинэ цогцолборыг хотын инженерийн шугам сүлжээнд холбоход шаардлагатай дэд бүтцийн ажлуудыг гүйцэтгэх ажээ. АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Ричард Буанган “АНУ-ын шинэ Элчин сайдын яамны барилгын ажил нь хоёр улс бат бөх, найрсаг харилцаагаа хүндэтгэн чухалчилж буйг харуулсан өндөр ач холбогдолтой үйл явдал юм” хэмээн тэмдэглээд “Бид Монгол Улсын стратегийн гуравдагч хөршүүдийн нэг гэдгээрээ бахархдаг бөгөөд энэхүү шинэ Элчин сайдын яам нь манай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх амлалтын тод илрэл юм” хэмээн мэдэгдсэнийг хэвлэлийн мэдээнд дурджээ.
Хан-Уул дүүрэгт байрлах тус барилгыг таван жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Барилга баригдаж дууссанаар консулын үйлчилгээний талбай өргөжиж, Элчин сайдын яамны ажилтнууд болон зочдод зориулсан тохилог орчин бүрдэнэ. "Шинэ байгууламж нь Элчин сайдын яамны үйл ажиллагааны үр ашиг, бүтээмжийг дээшлүүлж, хоёр улсын иргэдэд үр өгөөжөө өгөх нь дамжиггүй" хэмээн АНУ-ын Элчин сайдын яам хэвлэлийн мэдээндээ онцлон тэмдэглэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.





