Дэлхийн шилдэг агаарын тээврийн компаниар “Singapore Airlines” шалгарав
Олон улсын агаарын тээврийн чансаа тогтоогч “Skytrax” байгууллагаас шалгаруулдаг оны хамгийн нэр хүндтэй "World Airline Awards 2026" буюу дэлхийн шилдэг агаарын тээвэрлэгчдийг шалгаруулах ёслол Лондон хотноо боллоо. Энэ жилийн шалгаруулалтад Сингапурын “Singapore Airlines” компани тэргүүн байрыг эзэлж, дэлхийн шилдэг агаарын компаниар тодорсон байна. 2026 оны дэлхийн шилдэг 10 агаарын компанид Катарын “Qatar Airways”, Хонконгийн “Cathay Pacific Airways”, Японы “ANA All Nippon Airways”, Туркийн “Turkish Airlines”, АНЭ улсын “Emirates”, Францын “Air France”, Хятадын “Hainan Airlines”, Японы “Japan Airlines”, Өмнөд Солонгосын “Korean Air” компаниуд шалгарчээ.
“Singapore Airlines” компани өнгөрсөн жил тэргүүлж байсан “Qatar Airways”-ийг гүйцэж түрүүлснээр түүхэндээ 6 дахь удаагаа (өмнө нь 2004, 2007, 2008, 2018, 2023 онуудад шалгарч байсан) энэхүү хүндтэй шагналыг хүртэж байна. Тус компани мөн үндсэн шагналаас гадна "Азийн шилдэг агаарын тээврийн компани", "Бизнес ангиллын шилдэг үйлчилгээ", "Бизнес ангиллын шилдэг хоол" номинациудад тэргүүлжээ. “Qatar Airways” компани жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн хэдий ч "Дэлхийн шилдэг бизнес ангиллын агаарын компани" шагналыг 13 дахь удаагаа хүртсэн байна. Үүнээс гадна энэ жил шинээр бий болсон "Дэлхийн хамгийн шилдэг онгоцон доторх Wi-Fi" (World's Best Onboard Wi-Fi) шагналын эзэн болжээ. Мөн “Cathay Pacific” компани хамгийн шилдэг кабин экипаж буюу үйлчлэгчдийн багтайгаар шалгарсан бол “Air France” компани нэгдүгээр зэрэглэлийн үйлчилгээгээрээ тэргүүлжээ. Энэ судалгааг дэлхийн 100 гаруй орны 24.8 сая зорчигчдын дунд явуулсан өргөн хүрээтэй санал асуулгад үндэслэн гаргасан бөгөөд зорчигчид бүхээгийн тав тух, үйлчилгээний чанар, онгоцны хоол, нисэх буудлын үйлчилгээ зэрэг олон үзүүлэлтээр үнэлгээ өгдөг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.




