Берлин хотод "Монголын соёлын өдөр" боллоо

Берлин хотод "Монголын соёлын өдөр" боллоо


   Герман улсын нийслэл Берлин хотын зүрхнээ Европын төдийгүй дэлхийн түүх, урлаг соёлын өлгий болсон “Музейн арал” дээрх "Жеймс Симон" галерейд “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг 2027 оны даравдүгээр сарын 18 хүртэл дэлгэж буй. Уг үзэсгэлэнгийн хүрээнд дагалдах хөтөлбөр болгож,  2026 оны аравдугаар сарын 31-нд “Монголын соёлын өдөр” арга хэмжээг зохион байгууллаа. Өдөрлөг үндсэн хоёр хэсгээс бүтсэн ба "Жеймс Симон" галерейн хүлээн авах танхимд 15 цагт хуурын эгшгээр эхлэн, алга ташилтаар нээж, монгол орноо танилцуулахаар эгнэсэн дөрвөн булан зочдыг хүлээн авав. Берлин дэх "Майдар" холбоо уламжлалт шагайн наадгайг герман, англи хэлээр тайлбарлаж, Герман болон олон улсын үзэгчдийг алаг мэлхий өрөх, шагай шүүрэх зэрэг тоглоомд оролцуулж, дөрвөн бэрхийн учгийг тайлан өгүүлж байв. Монголдоо боловсрол, урлаг, хүмүүнлэгийн салбарт хувь нэмэр оруулдаг "Майдар" холбооны гишүүд үйл ажиллагаагаа танилцуулж, айлчдыг монгол идээгээр дайлсан нь бидний хаана ч зочломтгой байдгийг илтгэнэ.

   Өдөрлөгт нүүдлийн соёл, мал аж ахуйтай салшгүй холбоотой ноолуурын үнэ цэнийг ойлгуулж, “Edelziege” брэнд оролцсон бөгөөд үүсгэн байгуулагч Ф.Саруул зочдод ноос ноолуурын онцлог, ялгааг тайлбарлан, бүтээгдэхүүний дээжээс танилцуулав. Ингэхдээ ноолуурыг бараа бүтээгдэхүүн гэхээс илүүтэй “соёлын бүтээгдэхүүн” гэдгийг чухалчилж, цамц хэрхэн бүтдэг шат дамжлагыг харуулсан нь олны анхаарлыг татна. Түүнчлэн Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани Франкфурт-Улаанбаатар хотын хооронд хийдэг олон улсын шууд нислэгийг Монгол руу аялахыг хүсэгчдэд танилцууллаа. Харин Монгол улсаас Герман улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчид иргэддээ болон Монголын талаар сонирхсон зочдод мэдээлэл өгч, гурван цаг үргэлжилсэн энэ үйл ажиллагаа монгол ахуй, соёлыг “гарт бөгөөд сэтгэлд" мэдрүүлж байлаа.

   "Жеймс Симон" галерейн хүндэтгэлийн танхим буюу Аудиториумд 18 цагт өдөрлөгийн хоёр дахь хэсэг өрнөсөн бөгөөд Монгол улсаас Герман улсад суугаа Элчин сайд Ж.Оюунбаатар мэндчилгээ дэвшүүлж, хоёр орны хамтын ажиллагаа соёл, урлагийн салбарт амжилттай өрнөж буйд талархал илэрхийлэв. Улмаар Монгол улсын Соёлын Элч Ц.Гэрлээд Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одон гардууллаа. Мөн Германы Археологийн хүрээлэнгийн судлаач, “Орхоны хөндийн соёлын онцлог” судалгааны төслийн ажилтан, магистр Янна Фабри “Харгуй, Хөг, дасан зохицох ухаан-Монголын тал дахь археологи” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, Монгол дахь туршлага, дурсамжаа хуваалцав. Түүний дараа “Монголын хөгжмийн урлагийн удиртгал” илтгэлдээ Соёлын элч Ц.Гэрлээ Алтайн магтаал, морин хуур, хөөмийн тухай өгүүлж, аливаа үйл ажиллагаа яагаад хуурын эгшгээр болон магтаалаар эхэлдэг тухай тайлбарлалаа. Улмаар илтгэлийн төгсгөлд дөрвөн хуурчаас бүрдэх "Tengerton" хамтлаг уран бүтээлээрээ үзэгчдийн сонорыг мялаав. Ингэхдээ хөөмийн төрлүүдийг тайлбарлан, ялгааг нь бодитоор сонсгож чадсан нь танхим дүүрэн зочдыг босгож, хүндэтгэл үзүүлэхэд хүргэж чадав.

   Ийнхүү Монгол улсын Гадаад харилцааны яам, Берлиний өмнөх болон эртний түүхийн музей, Монгол улсын Соёлын элч Ц.Гэрлээ, Берлин дэх Элчин сайдын яам, "Mongolian Step" агентлаг, хамтран зохион байгуулсан “Монголын соёлын өдөр” алга ташилтаар дүүрэн, амжилттай болж өнгөрлөө. Ахуй, уламжлал, соёл урлаг, шинжлэх ухаан сүлэлдсэн хөтөлбөр бүхий онцгой энэ өдөрлөг ирсэн зочдод Монголыг олон талаас танилцуулж, харах өнцгийг тэлж өгсөн нь лавтай.

Берлин хот, 2026 оны 10 дугаар сарын 31.

Сэтгүүлч, орчуулагч, Д.Чанцалдулам.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.