Дэлхийн банк: Монгол улс хандив авдаг биш өгдөг орон боллоо
Монгол улс бараг гучин жилийн турш Олон улсын хөгжлийн ассоциациас (IDA) хандив тусламж авч ирсэн бол өнөөдөр тус байгууллагын буурай орнуудад туслах санд хандив өгдөг боллоо. “Reuters” агентлагийн мэдээлснээр, Монгол улсын парламент ОУХА-ийн ээлжит санхүүжилтэд 4.8 тэрбум төгрөг буюу 1.3 сая ам.долларын хандив олгох шийдвэр гаргасан бөгөөд “Энэ нь Монгол улсын хөгжлийн замналд томоохон ахиц дэвшил болсон түүхэн үйл явдал болж байна” хэмээн тус агентлаг бичжээ. Монгол улс 1991 онд Дэлхийн банкны гишүүн болсноос хойш авто зам, тээвэр, хөдөөгийн хөгжил, эрүүл мэнд болон боловсролын салбарт ОУХА-иас 1.62 тэрбум ам.долларын санхүүжилт авсан байна. Улмаар 2020 оны долоодугаар сард тусламж авахаа зогсоож, дунд орлоготой орнуудад зориулсан Дэлхийн банкны үндсэн зээлийн байгууллага болох Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны харилцагч болсон юм.
Сангийн сайд З.Мэндсайхан энэ талаар хэлэхдээ “Монгол улс ОУХА-ийн 21 дэх санхүүжилтэд хувь нэмэр оруулж байгаа нь Дэлхийн банктай тогтоосон олон жилийн хамтын ажиллагаан дахь түүхэн дэвшил бөгөөд олон улсын эв нэгдэл, хамтын ажиллагааны төлөө тууштай зогсож байгааг маань илтгэж байна” хэмээснийг Дэлхийн банкнаас өнгөрөгч баасан гарагт гаргасан мэдэгдэлд онцлон дурджээ. “ОУХА-ийн дэмжлэгийг хүртэж байсан орны хувьд ядуурлыг бууруулах, дасан зохицох чадавхыг бэхжүүлэх болон боломжийг нэмэгдүүлэхэд хөнгөлөлттэй санхүүжилт ямар чухал болохыг бид сайн ойлгодог. Монгол улсынхаа хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг урагшлуулахын зэрэгцээ бусад орнуудад хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхэд нь туслах болсондоо бид баяртай байна” хэмээн тэрбээр мөн хэлжээ.
Олон улсын хөгжлийн ассоциаци нь Дэлхийн банкны бүтцэд 1960 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар, буурай болон орлого багатай 78 улсад санхүүжилт олгож байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.





