Орос, Украин улс илүү олон олзны цэрэг солилцоно
Абу-Дабид болсон гурван талт хэлэлцээний үр дүнд Орос, Украин улс олзны цэргүүдийг илүү олон тоогоор солилцохоор тохиролцлоо. Хэлэлцээнд Оросын талыг ахалсан ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский энэ талаар өчигдөр буюу 11-нд мэдээлжээ. "Бид олзны цэргүүдийг илүү өргөн хүрээнд солилцохоор зарчмын хувьд тохиролцсон бөгөөд тодорхой үзүүлэлтүүдийг ойрын хугацаанд зарлах болно" хэмээн тэрбээр хэлжээ. Хэлэлцээгээр хүмүүнлэгийн асуудлуудыг мөн хөндсөн болохыг В.Мединский онцлон тэмдэглэсэн байна. Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу-Даби хотод 11 дүгээр сарын 10-нд эхэлсэн хэлэлцээ эхний өдөр дөрвөн цаг, хоёр дахь өдрөө 1.5 цаг үргэлжилсэн юм.
Оросын удирдлага Украины армид амсхийх боломж олгох түр эвлэрлийг бус, Украинтай энх тайван тогтоохыг удаа удаа дэмжиж байсныг Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков 10 дугаар сарын 30-нд сануулсан билээ. Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Орос улс зүгээр нэг гал зогсоохыг зөвшөөрөхгүй, учир нь Европын орнууд Украинд цаг хожих боломж олгохыг хичээж байна” гэж өнгөрөгч мягмар гарагт мэдэгдсэн юм.
Орос, Украин улсууд өнгөрөгч 10 дугаар сарын 23-нд олзны хүмүүсийг 270х270 гэсэн харьцаагаар солилцсон. Суллагдсан орос цэргүүд эхлээд Беларусийн нутагт очиж, тэнд эмч, сэтгэл зүйчдийн тусламж авсан бөгөөд тухайн өдрийн орой тэднийг тээвэрлэсэн хоёр “Ил-76” хоёр онгоц Подмосковьед буусан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.





