Чингис хаан, монголчуудын талаар Германы Ерөнхийлөгч юу гэж хэлэв?
Германы Ерөнхийлөгч Ф.Штайнмайэр “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн нээлт дээр. © В.Ганзориг

Чингис хаан, монголчуудын талаар Германы Ерөнхийлөгч юу гэж хэлэв?


   Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Герман улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Берлин хотын “Жэймс Симон” галерейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг албан ёсоор нээсэн билээ. Үзэсгэлэнгийн нээлт дээр Герман, Монголын Ерөнхийлөгч нар үг хэлсэн бөгөөд ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн хэлсэн үгийн товчлолыг уг айлчлалд оролцож буй В.Ганзоригийн орчуулж "Фэйсбүүк" хуудсандаа нийтэлснээр толилуулж байна.  

   “Өнөөгийн түүх огт өөрөөр өрнөж болох байсан. Тухайлбал, 13-р зуунд монголчууд баруун болон өмнөд зүгт байлдан дагууллаа үргэлжлүүлсэн бол Ромын эзэнт гүрний хувь заяа хэрхэн эргэх байсан бол? Хэрэв 1241 оны Лигницийн тулалдаан монголчуудын байлдан дагууллын баруун хязгаар болоогүй цааш үргэлжилсэн бол өнөөгийн Европын түүх хэрхэн өөрчлөгдөх байсан бол? Учир нь өнөөгийн Польшийн нутагт орших Лигниц хот Берлинээс ердөө 240 км зайтай. Герман өнөөгийн Монголоос 6000 км-ийн зайд оршдгийг бодвол энэ нь тун ойрхон гэсэн үг.

   Европоос олон мянган бээрийн алсад, дэлхийн нөгөө өнцөгт нэгэн хүчирхэг удирдагч тодрон гарч ирсэн юм. Тэрээр өргөн уудам газар нутгийг нэгтгэн эзэнт гүрэн байгуулж төрийн удирдлага, засаг захиргааг бүрдүүлэн хүчирхэг арми байгуулж байлдан дагуулах эрх мэдлээ тогтоох няцашгүй хүсэл зоригийг бий болгожээ. Чингис хаан бол дэлхийн түүхэнд тодорсон хамгийн нөлөө бүхий хүчирхэг удирдагчдын нэг юм. Түүхэнд гүн мөрөө үлдээсэн Чингис хааны мөр өнөөдөр дэлхий даяар хүмүүсийн сонирхлыг татсаар байна. Түүнгүйгээр Ази, Зүүн Европын түүх их өөрөөр өрнөх байсан. Түүний байгуулсан их нэгдэл, түүхэн үйл хэргийг авч үзэлгүйгээр бидний нээж буй энэ үзэсгэлэнгийн гол сэдэв болох Монголчуудын ертөнцийн тухай ярих боломжгүй.

   Монголчуудын ертөнц ба Чингис хаан хоёр хоорондоо салшгүй холбоотой. Энэхүү үзэсгэлэн чухам Германы нийслэл Берлинд зохион байгуулагдаж байгаа нь огтхон ч санаандгүй хэрэг биш. Манай хоёр орны археологийн салбарын хамтын ажиллагаа 1999 оноос эхэлсэн. 10 гаруй жилийн өмнө бид Монголын эртний нийслэл Хархорум хотод хамтарсан археологийн малтлага хадгалах хамгаалах ажлыг эхлүүлж шинэ үе шатыг нээсэн. Хоёр жилийн өмнө манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын энэ үеэр энэ том үзэсгэлэнг хамтран зохион байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм аа.

   Энэ ажил миний бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө хэрэгжиж энэ үзэсгэлэнг өөрийн биеэр нээж буйдаа туйлын баяртай байна. Энэ үзэсгэлэнг үзсэн хүн бүр цаг хугацаа ба орон зайгаар аялах болно. Берлинд 6 сарын турш нээгдэж буй энэ музей олон үзэгчийн хөлд дарагдах болтугай. Энэ удаад монголчууд үнэхээр Берлин хотыг дайлаар мордохоор хүрэлцэн ирлээ. Ингэж ирэхдээ эх түүх, соёлоо сурталчлан энхтайван, найрамдал, нөхөрлөлийн замаар ирсэн нь онцгой сайхан хэрэг юм шүү”. 

Эх сурвалж: https://www.facebook.com/ganzorig.vanchig 

Гэрэл зургуудийг В.Ганзориг. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.