Япон лам сүм дотор 12 жил огт гаралгүй суухаар оржээ
© Japan Inside

Япон лам сүм дотор 12 жил огт гаралгүй суухаар оржээ


   Өнгөрөгч есдүгээр сарын 11-нд Японы Шига, Кёото аймгийн зааг дээрх ариун дагшин Хиэй уулын сүмийн хаалгаар 31 настай нэгэн лам алхан оржээ. Тэрбээр 1300 жилийн түүхтэй Энрякүжи хийдэд байх нэгэн тахилын сүмд орсон бөгөөд хамгийн сонирхолтой нь, 2038 он хүртэл тэндээс гарахгүй юм. Согакү Тагүчи хэмээх энэ лам уг хийдийн Нанзанбо сүмийн тэргүүн ажээ. Орсон газраасаа тэрбээр 12 жил болтол нэг ч удаа гарахгүй бөгөөд гадаад ертөнцтэй холбоо барихгүй. Энэ 12 жилийн хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль гурван удаа, Олимпын наадам гурван удаа болно. Ийм өвөрмөц алхам хийх болсон түүний зорилго бол Японы буддизмын нэг үндсэн урсгал болох Тэндай буддизмыг үндэслэгч санваартан Сайчёогийн бунхныг сахих явдал юм. Японы шашны түүхэн дэх нөлөө бүхий зүтгэлтэн Сайчёо 822 онд таалал төгссөн бөгөөд тухайн үед түүнийг оршуулж байгуулсан бунхан нь тэр хэвээрээ өнөө үед хүрч иржээ. Тагүчи өдөр бүр хоол бэлтгэн бунханд тахил өргөхийн зэрэгцээ сүмийн доторхыг огт хир тоосгүй байлгахын тулд тогтмол цэвэрлэж байх аж. Тэрбээр үүний өмнө тусгай бэлтгэл хийж, нэг жилийн турш өдөр бүр 3000 удаа сунаж мөргөсөн бөгөөд эцэст нь наймдугаар сарын 18-нд Бурхан Буддатай бодитоор учирсан хэмээн өөрөө хэлжээ. 1699 оноос хойш Сайчёогийн бунхныг дэргэдээс нь салалгүй сахисан 118 дахь хүн нь Тагүчи юм. Харин Дэлхийн II дайнаас хойш ийм хүн ердөө хоёр гарчээ. Хийдийн данс бүртгэлд тэмдэглэснээр, тэдгээр лам нарын зарим нь өвдсөнөөр 12 жилээ гүйцээж чадаагүй гэнэ. Тагүчи тэндээс 2038 оны есдүгээр сарын 11-нд гарна.   


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.