Турк: Хагиа Софиа сүмийн доор олон зуун метр урт эртний хонгил илрүүлжээ
Хагиа Софиа. © Wikimedia Commons

Турк: Хагиа Софиа сүмийн доор олон зуун метр урт эртний хонгил илрүүлжээ


   Туркийн Истанбул хот дахь 1500 орчим жилийн түүхтэй Хагиа Софиа сүмийн доор олон зуун метр үргэлжилсэн эртний хонгил, далд байгууламжуудыг ил гаргасан талаар эрх баригчид өчигдөр хэвлэлд анх удаа мэдээллээ. Уг мэдээллээр, сүмийн сэргээн засварлалтын ажлын хүрээнд илрүүлсэн нийт 420 метр хонгилыг цэвэрлэж, зургаан өрөө, мөн арай бага хэмжээний есөн хонгилыг баримтжуулжээ. Уг ажлын явцад 3000 тонн шороо, дүүргэгч материалыг зайлуулсан байна. Судлаачдын үзэж буйгаар эдгээр хонгил нь эртний Константинополь хотын ус дамжуулах, борооны ус зайлуулах байгууламжийн нэг хэсэг байсан байж болзошгүй ажээ. Тэдгээрээс хамгийн урт хонгил нь 180 метр бөгөөд Хагиа Софиагийн гадна талын фасадтай зэрэгцэн үргэлжилдэг байна. Энэ хонгилыг эртний Ромын замын сүлжээтэй холбогдсон эсэхийг археологичид судалж байгаа ч анхны зориулалт нь одоогоор эцэслэн тогтоогдоогүй байгаа аж. Мөн зарим байгууламж нь одоогийн сүмийн барилга байгуулагдахаас өмнөх үеийнх байж магадгүй хэмээн судлаачид үзэж байна.

   Туркийн Соёл, аялал жуулчлалын яам цаашид хонгилуудыг цэвэрлэх, бэхжүүлэх, хамгаалах ажлыг үргэлжлүүлэхээ мэдэгджээ. Судалгааны дараа аюулгүй байдлын шаардлага хангасан хэсгийг жуулчдад нээж, түүхэн дурсгалын газрын өмнө нь нийтэд ил болоогүй байсан энэ хэсгийг үзүүлэх боломжийг мөн судалж байгаа гэнэ.

   1500 жилийн өмнө Византийн улсын эзэн хаан Юстиниан I-ийн зарлигаар байгуулсан Хагиа Софиа нь анх Зүүн Ромын Үнэн алдартны шашны гол сүм байв. Улмаар 1453 онд Османы эзэнт гүрэн Константинополь хотыг эзлэн авсны дараа исламын сүм болгон өөрчилсөн түүхтэй. Сүмийг 1935 онд музей болгосон бол 2020 онд дахин мөргөлийн зориулалтаар нээжээ. Хагиа Софиа нь Византийн болон Османы эзэнт гүрний соёл иргэншлийн өвийг нэг дор хадгалсан, дэлхийн архитектурын түүхэнд онцгой байр суурьтай дурсгал юм.  

Шинээр илрүүлж цэвэрлэсэн хонгилын байдал. © Туркийн Соёл, аялал жуулчлалын яам


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.