Буриадын театр Лев Толстойн зохиолоор найруулсан “Үйлийн үр” жүжгийг тоглоно
“Үйлийн үр” жүжгийн зурагт хуудас. © Буриадын улсын драмын эрдмийн театр

Буриадын театр Лев Толстойн зохиолоор найруулсан “Үйлийн үр” жүжгийг тоглоно


   ОХУ-ын Буриадын улсын драмын эрдмийн театр Лев Толстойн зохиолоор найруулсан “Үйлийн үр” жүжгийг тавих гэж байгаа тухай baikal-media.ru сайт мэдээллээ. Л.Толстойн зохиолуудыг театрт найруулан тавих Бүх Оросын уралдаанд байр эзэлсэн бүтээлүүдийн нэг нь Буриадын найруулагч Олег Юмовын найруулсан уг жүжиг бөгөөд тус театрын тайзнаа өнөөдөр тоглоно. Тоглолтыг угтаж өчигдөр уг театрт “Үйлийн үрийн тухай” нээлттэй лекц зохион байгуулжээ. Лекцийг Буриадын бандида хамба Заяаевын нэрэмжит Дашчонхойрлон Буддын их сургуулийн проректор Жаргал Дугданов уншсан байна.

   “Үйлийн үр” жүжгийн эх зохиол нь Л.Толстойн нэгэн богино өгүүллэг бөгөөд найруулагч уг зохиолыг зарим бодит баримтаар баяжуулжээ. 19 настай Л.Толстой 1847 онд Казанийн их сургуулийн оюутан болоод удалгүй эмнэлэгт хэвтэж байхдаа буриад лам Галсан Гомбоевтой танилцсан түүхтэй. Буриад лам дээрэмчинд хамаг юмаа алдсан хэдий боловч энэ явдалд маш тайван хандсан тухайгаа ярьсан нь зохиолчид гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн төдийгүй аливаа муу үйлийн эсрэг хүчирхийлэл хэрэглэхгүй байх үзэл санаанд нь ихээхэн нөлөө үзүүлсэн гэдэг.         


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.