Монгол цэргийн живсэн хөлөг онгоцуудыг судлах ажилд Япон улс, Өмнөд Солонгос, Монголтой хамтарна
Монголын Юань улсын үед Японд хийсэн довтолгооны явцад далайд живсэн хөлөг онгоцуудыг Японд судалж буй талаар Өмнөд Солонгосын SBS News суваг өчигдөр мэдээлснийг орчуулан хүргэж байна.
13 дугаар зууны үед Монгол-Солонгосын цэргийн Японд хийсэн хамтын довтолгооны үеэр живсэн хөлөг онгоцуудыг судлах ажлыг Япон улс Өмнөд Солонгос болон Монголын судалгааны байгууллагуудтай хамтран явуулж байна гэж NHK мэдээлэв. Японы Нагасаки мужийн Мацүүра хот 1980-аад оноос хойш Имари булан орчмын Такашима хэмээх газар Монгол-Солонгосын цэргийн хоёр дахь удаагийн довтолгооны үеэр живсэн хөлөг онгоцуудад судалгаа хийж ирсэн бөгөөд 2024 оны байдлаар гурван хөлөг онгоцны үлдэгдлийг олж судалсан байна. Монголын Юань улс Солонгостой хамтран Японы Камакурагийн үед буюу 1274, 1281 онуудад Японд хоёр удаа довтолсон боловч бүтэлгүйтжээ. Довтолгоо бүрийн үеэр хар салхи дэгдэж, монгол цэргийн ялагдах гол шалтгаан болсон бөгөөд Японд үүнийг тэнгэр бурхан ивээж хамгаалсан хэрэг гэж үзэн "камиказе" буюу тэнгэрийн салхи хэмээн нэрлэж ирсэн юм. Гэсэн хэдий ч үүнийг батлах түүхэн баримт ховор учраас уг довтолгоо бүтэлгүйтсэн тодорхой шалтгааны талаар судлаачдын байр суурь нэгдмэл бус хэвээр байна.
Мацүүра хотын олж илрүүлсэн гурван хөлөг онгоц 18-19 метрийн гүнд орших бөгөөд өнөөг хүртэл зөвхөн хөлөг онгоцны их биеийн төвийн доод хэсгийг л тогтоогоод байгаа юм. Мацүүра хот хөлөг онгоцнуудын нийт хэмжээ, бүтцийг бүрэн тодорхойлох, тухайлбал эдгээр онгоцыг яг хаана хийснийг тогтоохоор ажиллаж байна. Эдгээр хүчин чармайлтын хүрээнд Мацүүра хот Өмнөд Солонгос болон Монголын судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагааг эхлүүлсэн тухай NHK мэдээлээд "Олдсон хөлөг онгоцууд болон ухаж гаргасан олдворууд хоёулаа Юань гүрэнтэй холбоотой тул эдгээр улстай хамтран ажиллах явдал гарцаагүй чухал" гэжээ. Мөн "Усан доорх судалгааны ажил хүндрэлтэй учир бусад улстай туршлага солилцох шаардлагатай" гэж бичсэн байна.
Мацүүра хот уг судалгаанд хамтрах түншлэлийн гэрээг Өмнөд Солонгосын Тэнгисийн соёлын өвийн үндэсний судалгааны хүрээлэнтэй өнгөрсөн долдугаар сард байгуулсан юм. Уг гэрээний дагуу тус хүрээлэнгийн 17 судлаач уг газарт ирсэн бөгөөд хамтын ажиллагаа одоогоор санал солилцох шатанд байна. Мөн орон нутгийн засаг захиргаа Монголын судалгааны байгууллагатай хамтран, малтлагаар олдсон болон бусад олдворуудыг хамтран судлах гэрээ байгуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.






