Хятад гадаад, дотоодын авьяаслаг залуу эрдэмтдэд 15 жилийн хугацаатай тэтгэлэг олгож байна
Хятад улс дотоодын төдийгүй гадаадын гоц авьяастай залуу эрдэмтдэд чөлөөтэй судалгаа хийх бололцоог нь хангаж 15 жилийн хугацаатай тэтгэлэг олгох хөтөлбөрөө улам өргөтгөж байна. Хятадын суурь судалгааны салбарын хамгийн том санхүүжүүлэгч болох Байгалийн шинжлэх ухааны үндэсний сангийн (NSFC) захирал Доу Сянькан саяхан болсон эрдэм шинжилгээний хурлын үеэр, уг агентлаг энэ удаа 35 хүртэлх насны хамгийн чадварлаг судлаачдыг сонгон авч, урт хугацааны санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсноо мэдэгджээ. Тэдний 15 жилийн хугацаатай ажлыг үнэлэх цорын ганц үзүүлэлт нь “лабораторидоо байгаа эсэх” буюу судалгааны ажлаа тасралтгүй хийх явдал хэмээн Доу мэдэгдсэн байна. 15 жилийн хугацаанд богино хугацааны үр дүнгийн үнэлгээ хийхгүй гэдгийг тэрбээр тэмдэглэжээ. Сонгогдсон хүмүүсийг зөвхөн нэг шалгуураар буюу лабораторидоо ажиллаж байгаа эсэхээр нь үнэлэх аж. "Богино хугацаанд амжилт гаргахгүй нь хамаагүй. Өөр ямар ч зүйлд санаа зовохгүйгээр лабораторидоо ажиллаж байх нь л чухал" хэмээн Доу ярьжээ. Шалгаруулалтад энэ жил 44 эрдэмтэн шалгарснаас 9 нь гадаадынх гэнэ.
2023 оны 11 дүгээр сард тус байгууллага хамгийн шилдэг залуу эрдэмтдэд урт хугацааны томоохон дэмжлэг үзүүлэхээ зарлаж, 15 жилийн хугацаанд 28 сая хүртэлх юань буюу 4.17 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсноо мэдэгдэж байв. Энэ оны тавдугаар сард NSFC санхүүжилтийнхээ хүрээг мэдэгдэхүйц тэлж, суурь судалгааны салбарт шилдэг боловсон хүчнийг тогтвортой нийлүүлэх зорилгоор тэтгэлгийн тоог 50 гаруй хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. 15 жилийн хугацаатай энэхүү санхүүжилтийн агуулга улам бүр өргөжсөнийг Доу тэмдэглээд, санхүүжилт эхний таван жилийн дараа хоёр дахин өсөж, дараагийн таван жилийн дараа дахин хоёр дахин нэмэгдэнэ гэдгийг дурджээ.
Тус сан гадаадад байгаа шилдэг залуу эрдэмтдийг татах ажлаа эрчимжүүлж, санхүүжилтийн хөтөлбөрөө хоёр дахь удаагаа сунгаж байгаа нь АНУ-д төсвийн хүндрэлтэй тулгарч буй судлаачдад чиглэсэн алхам байж болох юм гэж “South China Morning Post” сонин бичсэн байна. Өнгөрөгч долоодугаар сарын сүүлээр тус сан энэ оны эхний шалгаруулалтын дараа дахин өргөдөл хүлээн авах зар тараасан юм. Хэрэгжиж эхэлснээсээ хойш тус хөтөлбөр Хятадад болон гадаадад төрсөн, 40 хүртэлх насны олон зуун эрдэмтэнд тус бүр нэг саяас 3 сая юанийн тэтгэлэг олгоод байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







