Сенегалын алдартай хөлбөмбөгчин мангоны шинэ үйлдвэрт 20 сая долларын хөрөнгө оруулахаа зарлав
© TouchlineX

Сенегалын алдартай хөлбөмбөгчин мангоны шинэ үйлдвэрт 20 сая долларын хөрөнгө оруулахаа зарлав


   Сенегал улсын орчин цагийн хамгийн алдартай хөлбөмбөгчин Садио Манэ эх орныхоо экспортын гол бүтээгдэхүүн болох манго жимсний боловсруулалт, экспортыг эрчимжүүлэх зорилгоор хувиасаа 12 тэрбум Баруун Африкийн франк буюу 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсноо зарлалаа. Английн “Liverpool”, ”Southhampton”, Германы “Bayern” зэрэг клубүүдэд тоглож байгаад 2023 оноос Саудын Арабын “Al-Nassr” клубт тоглож буй тэрбээр өөрийн төрсөн хот Бамбали дахь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборын төсөлд энэ хөрөнгийг оруулж эхэлжээ. Барилгын шавыг өнгөрөгч 19-ний өдөр тавьсан тус цогцолборт шинэ мангог ангилж экспортлоход бэлтгэхийн зэрэгцээ мангоны нухаш, хатаамал болон тос үйлдвэрлэх юм. Төслийн нээлт дээр тэрбээр "Эх орныхоо баялгийн үр шимийг төрөлх нутагтаа үлдээх хүсэлтэй байна" хэмээн ярьжээ. 

   Сенегалын хөдөө аж ахуйн экспортын хамгийн гол бүтээгдэхүүн болох манго жимс нь түүсний дараа хурдан мууддаг онцлогтой бөгөөд удаан хугацаанд хадгалж боловсруулан гадаадын зах зээлд борлуулах нь энэ төслийн гол зорилго юм. Тус улс жилд дунджаар 120-130 мянган тонн манго хураан авч 25 мянган тонныг нь Европын улсуудад экспортолдог бөгөөд орлого нь жилд дунджаар 10-20 сая ам.долларт хүрдэг байна. Шинэ үйлдвэр жилд 8500 тонн манго боловсруулах хүчин чадалтай байх бөгөөд цогцолборыг 18 сарын дотор барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн мангоны 75000 мод суулгана, 500 га тариалангийн талбай, дөрвөн боловсруулах үйлдвэр, сургалт судалгааны төв бүхий цогцолборт 1000 ажлын байр шинээр бий болно хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.      


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.