76 настай өвөр монгол буурай Монголд анх удаа ирж, мөрөөдөл болсон Туулын уснаас амсав
Танил маань утасдаж, машины дугаарын хязгаарлалтаас болж унаагүй яваагаа хэлэн, онцгой нэгэн зочинд хагас өдөр унаагаараа үйлчилж өгөхийг хүсэв. Учрыг лавлавал Өвөр Монгол нутгаас Монгол орныг зорин байж ирсэн өндөр настай эмээ Туулын уснаас амсах чин хүсэлтэй байгааг дуулгасан тул даруй явж очвол ная шахсан настай, нүүр дүүрэн инээмсэглэсэн сайхан буурай амар мэнд асуун угтлаа. Өвөр Монголын Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны Булган тохой сумаар нутагтай, Шарнууд овогт Сувданцэцэг гуай Бээжингийн их сургуулийн Ургамал, газар тариалангийн их сургуулийн ургамалын хүрээлэнд судлаачаар ажилладаг бага охин Дорнотуяа болон зээ охин Амина нарын хамт гурвуул ирсэн байв. Дорнотуяа охин нь СОР 17-д оролцох албан ажлаар Монгол улс руу явах болоход охиноо дагаж зүүгдсээр байгаад хүрээд ирсэн тухайгаа буурай инээд хөөр болон хуучилна. Сувданцэцэг гуай бага наснаасаа сургууль соёлын мөр хөөж эрдэм боловсролтой болоод, төрсөн нутагтаа очиж бригадын бага сургууль, сумын бага дунд сургуулийн хэл бичгийн багшаар 36 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан гэнэ.
Дундад улсад өрнөсөн Соёлын хувьсгалын жилүүдэд аав нь хилс хэрэгт унан хэлмэгдлийн шуурганд эрстсэн гэх бөгөөд ийм хатуу бэрх цагийг Сувданцэцэг гуай хатамжлан туулсаар эрдэм номын мөр хөөж, улмаар хань ижилтэй болж хоёр охин, нэг хүү төрүүлсэн нь эдүгээ бүгд эрдэм боловсролтой болж, улсын албанд зүтгэн сайхан амьдарч байгааг бахдан өгүүлнэ. Хүүхдүүд нь ээжийгээ дагуулж гадаадын олон улс орноор олонтоо явж үзүүлсэн ч Сувданцэцэг гуайн ганц мөрөөдөл нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг үзэж, Хатан Туулын уснаас амсаж, Гандан зуу хийдэд мөргөх л байжээ. Олон жил тээж явсан энэ мөрөөдлөө энэ жил гүйцэлдүүлж, Монгол нутагтаа ирсэндээ туйлын баярлаж буйгаа дахин давтан өгүүлэх сайхан буурайг унаандаа суулган давхисаар Баянзүрхийн товчоогоор эргээд Богд уулын хормой эмжин явсаар Туул голын эрэг дээр очив. Намаршиж, гол ус тунгалагшаад, ганц нэг шар навч сэнсрэн хийссэн сайхан ч өдөр таарлаа. Ная дөхсөн настай гэхэд ихэд хөнгөн шингэн хөдөлгөөнтэй буурай даруй машинаас бууж голын эрэг дээр очоод шууд л алгаараа ус тосож амсаад, бас духандаа хүргээд ихэд удаанаар сүсэглэн залбирч мөргөж буйг хараад нулимс гарав. 14 настай зээ охин Амина нь ч эмээгээ даган Туулын уснаас сүсэглэн амсан нүүрээ угаав. Эмээгийн царай гэрэлтэж, цаанаа нэг баяр баясгалантай, насны хүслээ биелүүлснээ бахдан баярлан ярина. Тэндээсээ хөдөлж Богд уулаа хормойдон явах үед хотын зүгт биш, уулын орой тийш хараа бэлчээн яваа Сувданцэцэг гуай Монгол нутгийн байгалийн онгон дагшныг, уулын бэлээр алаглах цэцэгсийг шагшин магтана. Урд өдөр нь Цонжин болдог орж, их хааны хөшөөнд мөргөөд ирсэн гэх бөгөөд явсан замд уужран алсрах монгол нутгийн дагшин сайхныг аанай л магтсаар явлаа. Зайсангийн гүүрээр эргэн хотын төвөөр явсаар Гандантэгчэнлин хийд орох хооронд Сувданцэцэг гуай бид хоёр ам хуурайгүй ярьсаар, хаашаа ч харсан хэзээний танил мэт монгол хүмүүс, хаа ч очсон монгол үг яриа сонсдох нь үнэнхүү сайхан байгаа тухай эмээ ихэд баясгалантай хуучилна. Яриан дундаа ихэд хөөрөн чангаар инээнэ.
Гандан хийд орж өндөр Жанрайсигт сүсэглэн мөргөөд, их шүтээний өмнө дурсгалын зураг татуулаад, орой нь төв талбай орж Төрийн ордон, Чингис хааны хөшөөнд сөгдөн мөргөөд, нутгаасаа зориуд бэлдэж ирсэн монгол дээлээ өмсөн дурсгалын зураг авахуулснаар бидний хагас өдрийн аялал өндөрлөсөн бөгөөд буудалдаа очсон хойноо насны хүслээ биелүүлснээ хэлж, Ар Монголынхоо нийслэл Улаанбаатарыг үзэж, Хатан Туулынхаа уснаас амсаж, Гандан зуудаа мөргөөд бие сэтгэл нь ихэд догдолж, магад арван насаар залуужсан мэт сэтгэл төрж буйгаа бахдан өгүүлсэн юм. Мөн энэ завсраа Монголд байх хугацаанд зүйл бүрээр туслан тэтгэсэн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, бага охиныхоо найз О.Мөнхнаранд ихэд талархаж буйгаа хэлсэн юм. Сувданцэцэг гуай маргааш үүрээр буцна. Сайн явж хариад, дараа жил дахин Монголд зочлохыг ерөөгөөд бид саллаа. Хатан Туулын уснаас амсаж арван нас нэмсэн Сувданцэцэг эмээтэйгээ дараа жил дахин Туулын эрэг дээр учран золгохыг ерөөл өргөе. Огторгуйн зам нь үүлгүй байж, олон удаа Монгол нутагтаа зочлон ирэх болтугай!
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







