Япон: Хубилай хааны элч нарын дурсгалд зориулан ном хуржээ
Япон улсын Канагава мужийн Фүжисава хотод байрлах эртний Жоорюүжи сүмд энэ сарын 7-ны өдөр Хубилай хааны элч нарын дурсгалыг хүндэтгэх ёслол боллоо. Энэ арга хэмжээнд Японы Байгаль орчны сайд Асао Кэичиро, Япон улсад суугаа Монголын элчин сайд Б.Баярсайхан нар оролцон үг хэлжээ. Хубилай хаан Япон улс руу 1274, 1281 онд хоёр удаа томоохон довтолгоо хийж байсан түүхтэй. 1275 онд Япон улсад Хубилай хааны илгээсэн элч нарыг тухайн үеийн эрх баригчид баривчилж цаазалсан бөгөөд тэднийг Буддын шашны лам нар одоогийн Жоорюүжи сүмийн ойролцоо оршуулжээ. 1925 онд сүмийн санваартнууд цаазлагдсан элч нарт зориулан хөшөө босгосон юм. Улмаар жил бүрийн есдүгээр сарын 7-нд ном хурж, Хубилай хааны элч нарын дурсгалыг хүндэтгэх ёслол үйлддэг уламжлалтай болсон байна. Харин энэ жил тэдний цаазлуулсны 750 жилийн ой тохиож байгаа бөгөөд Жоорюүжи сүм Монгол, Японы төлөөлөгчдийг оролцуулсан ёслол үйлджээ. Одоо тус сүмийг 27 дахь үеийн хамба лам тэргүүлдэг бөгөөд энэ ёслол нь 500 жил уламжлагдан ирснийг өнгөрөгч долоо хоногт болсон ёслолын үеэр тэрбээр онцлон дурдсан байна. Жоорюүжи сүм нь XIII зууны үеийн Японы нөлөө бүхий санваартан Ничирэний үндэслэсэн урсгалд хамаардаг бөгөөд энэ урсгалын сургаал ном нь Буддын шашны Их хөлгөний ёсны "Богдсын ном цагаан лянхуа" сударт суурилдаг юм.
Жоорюүжи сүм.
Гэрэл зургийн эх сурвалж: www.fujisawabito.net
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







