АНУ-ын төрийн далбаагаар бүрхсэн Гренландын газрын зураг маргаан дэгдээв
АНУ Венесуэлд гэнэт довтолж, ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсны дараахан Цагаан ордны Тамгын газрын дэд дарга Стефен Миллерийн гэргий Кэти Миллер Америкийн далбаагаар бүрхсэн Гренландын газрын зургийг X хуудсандаа нийтлээд "Удахгүй" (SOON) гэсэн тайлбар хийсэн байна. С.Миллерийг ерөнхийлөгч Дональд Трампын дотнын хүн гэж үздэг бөгөөд эхнэр К.Миллер нь подкаст нэвтрүүлэг хөтөлдөг ажээ. К.Миллерийн дээрх нийтлэлийг одоогоор 25 сая гаруй хүн үзээд байна. АНУ-д суугаа Данийн Элчин сайд Жаспер Мёллер Сёренсен дээрх зургийг цахим хуудсандаа хуваалцаад "Данийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийг АНУ-аас шаардаж байна. Бид ойр дотнын холбоотнууд бөгөөд цаашид ч хамтран ажиллах ёстой" гэжээ. Гренланд аль хэдийн НАТО-гийн нэг хэсэг болсныг тэрбээр мөн дурдаад, өнгөрсөн жил Арктик болон Хойд Атлантын далайд НАТО 13.7 тэрбум доллар зарцуулсныг онцолсон байна. Мөн Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен "Гренландыг эзэрхийлэх гэсэн санаа нь утгагүй зүйл гэдгийг АНУ ойлгох ёстой" гээд, түүхэн холбоотнуудаа заналхийлэхээ зогсоохыг Д.Трампад уриалжээ. Өнгөрсөн сард Д.Трамп Луизиана мужийн захирагч Жефф Ландриг Гренландын асуудал эрхэлсэн тусгай элчээр томилсон бөгөөд Ж.Ландри энэ үйлсэд чин сэтгэлээсээ хүчин зүтгэхээ илэрхийлсэн юм. Хариуцлагатай албан тушаалтны эхнэрийн хийсэн дээрх үйлдэлд Дани улсын Засгийн газар АНУ-ын Элчин сайдыг дуудаж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







