images

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо шүүхийн шүүгчийг юуны учир баривчлав?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-28


   АНУ-ын Холбооны мөрдөх товчоо нэгэн шүүгчийг хууль бус цагаачийг зугтахад нь тусалсан хэргээр баривчилжээ. Энэ нь нэг талаас цагаачдад хүч хэрэглэх, албадан гаргах зэргээр ширүүн тэмцэл өрнүүлж буй гүйцэтгэх засаглал, нөгөө талаас хүний эрхийг хөсөрдүүлэхгүй байх гэсэн шүүх эрх мэдлийн хоорондын зөрчилдөөн улам хурцдаж буйг илтгэж байна. Висконсин мужийн Милуоки дүүргийн шүүгч Ханна Дуган хууль бус цагаач Эдуардо Флорес-Руизийн хэргийг хянаж байх үед Цагаачлалын албаны Хар тамхитай тэмцэх хэлтэс болон Холбооны мөрдөх товчооны ажилтнууд уг иргэнийг саатуулахаар шүүх дээр иржээ. Шүүгч Х.Дуган энэ нь баривчлах үндэслэлгүй хэрэг болохыг тайлбарлаад тэднийг Ерөнхий шүүгч дээр очиж зөвшөөрөл авахыг хүссэн байна. Тэднийг Ерөнхий шүүгчтэй уулзахаар явах хооронд Х.Дуган цагаач иргэнийг шүүхийн арын хаалгаар гарган зугтаалгажээ. Үүнийг мэдсэн мөрдөх товчооны ажилтнууд Э.Флорес-Руизийг хөөж баривчилжээ. Шүүгч Х.Дуганыг хууль бус цагаачийг зугатахад тусалсан, ингэхдээ зөвхөн хамгаалалтын ажилтнууд, тангарагтны шүүгчид, шүүхийн ажилтнууд болон цагдан хоригдож буй шүүгдэгчид л нэвтрэх боломжтой тусгай хаалгаар нэвтрүүлсэн хэмээн буруутгаж байна. Шүүгч Х.Дуганыг удалгүй сулласан бөгөөд ирэх сарын 15-ны өдөр шүүх хурал болно. Тэрбээр өөрийг нь баривчилсэн Холбооны засгийн газрын үйлдэлд ихэд эгдүүцэж буйгаа өмгөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлжээ. Энэ хэрэгт түүний буруутай нь нотлогдвол таван жил хүртэл хорих ялаар шийтгэгдэнэ гэж Холбооны мөрдөх товчоо мэдэгдсэн байна. Харин Ардчилсан намаас сонгогдсон сенатор Тэмми Болдуин Засгийн газрыг шүүмжилж “Бид хаант улсад биш ардчилсан улсад амьдардаг” хэмээн сануулжээ. 

Нүүр зураг: Шүүгч Ханна Дуган.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.