Монголын цахим спортын тамирчид говьд 100 мянган хайлаас тарина
Хөдөөгийн баясгалан
2025-04-28
Цахим спортын "The MongolZ" нэгдлийн CS2 багийн тамирчид Монголын цөлжилттэй бүс нутагт 100 мянган хайлаас мод тарих санаачилгыг эхлүүллээ. Тэд "Шамбала Инженеринг Кампус" компанитай хамтран Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Ар цацын ус хэмээх газарт хайлаасан төгөл байгуулахаар болсон байна. Цахим спортын тамирчид төгөлийн хамгийн анхны мод эзэмшигчид болж, улмаар иргэдийг хандив өргөж, өөрийн нэрээр модтой болохыг уриалжээ. Иргэд хандив өргөж мод худалдан авснаар өөрийн нэрийн мод эзэмшигчийн гэрчилгээ болон жил бүрийн ургалтын тайлан, зураг хүлээн авах эрхтэй аж. Ингэснээр модныхоо арчилгаа, усалгаа, хяналт хамгаалалт, нөхөн тарилтыг таван жилийн турш бусдаар хийлгэх юм. "Шамбала Инженеринг Кампус" компани нь Монголын говьд 66 мянга гаруй хайлаас мод тарьж ургуулсан туршлагатай ажээ. Түүнчлэн өмнө нь "HU" хамтлагтай хамтран 12 мянган ширхэг сибирь хайлаас мод говьд тарихаар болсон юм. Сонирхуулахад, "The MongolZ" багийн нэрээр тарих тарваган хайлаас (Ulmus pumila) мод говийн хуурай, хатуу ширүүн уур амьсгалд тэсвэртэй бөгөөд 8-12 метр хүртэл өндөр ургаж, 100-200 жил насалдаг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.