Наадмын хүндэтгэлийн тоглолтыг Д.Баярбаатар найруулна
Чихэнд чимэгтэй
2025-05-26
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн тоглолтын найруулагчаар бүжиг дэглээч Д.Баярбаатар сонгогджээ. Тэрбээр СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирлын албан тушаал хашиж буй бөгөөд өнгөрсөн долоо хоногт болсон наадмын комиссын хурлаас дээрх шийдвэрийг гаргажээ. Баяр наадмын хаалт, нээлтийн арга хэмжээнээс тусдаа болдог уг тоглолтыг энэ жил “Алтан соёмбын аялгуут эгшиглэн” агуулгын дор монгол өв соёл, бахархал, омогшил, нүүдэлчдийн оюун сэтгэлгээг харуулсан дуу, хөгжим, бүжгийг орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан толилуулах ажээ. Өнгөрсөн жилийн хүндэтгэлийн тоглолт "Монголын итгэл үнэмшил” нэртэйгээр бүжиг дэглээч Х.Хашхүүгийн найруулгаар, 2023 оны тоглолт "Эх орон" нэрийн дор хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын найруулгаар наадамчин олонд хүрч байв. Ингэхдээ энэ хоёр жилд мэргэжлийн урлагийн байгууллагын 500 гаруй уран бүтээлч тоглолтод оролцож байжээ. Д.Баярбаатар нь 2014 оны наадмын нээлт, хаалтын концертыг найруулж байсан туршлагатай. Мөн тэрбээр 2023 онд Лондоны "Колизеум" театрт тавьсан "Монгол хаан" жүжгийн бүжиг дэглээчээр ажиллаж байжээ. Энэ жилийн наадмын ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллаж байгаа бөгөөд зохион байгуулах хороо наадмын бэлтгэл ажилтай ирэх сарын 15-нд танилцана.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.