АНУ: Конгрессийн байрны хажууханд 60 гаруй жил ажиллаж буй нэгэн рестораны түүх
Анд нөхдийн мэдээ
2025-05-28
АНУ-ын Конгрессийн байранд хамгийн ойрхон байдаг хоолны газар болох “The Monocle” рестораны талаар “The Washington Post” сонин өнөөдрийн дугаартаа онцоллоо. 65 жилийн өмнө буюу 1960 оны 10 дугаар сард Жон Кеннэди, Ричард Никсон нар ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байх үед эхнэр, нөхөр Конни Хелен, Конни Баланос нарын үүсгэн байгуулсан энэ ресторан тэр цагаас хойш АНУ-ын дээд түвшний улс төрчдийн орж хооллох дуртай газар байсаар иржээ. "Конгрессийн цонхоор чулуу шидэхэд нэг рестораны цонхыг ононо" гэсэн хэллэг хүртэл байдаг. Одоо ч Вашингтон хотын иргэдийн төлөөлөгчид, Сенатын хуучин болон одоогийн гишүүд, тэдний туслахууд, сэтгүүлчид үдийн зоог барьж, оройн хоолоо иддэг гол газрын нэг нь “The Monocle” хэвээр байна. Энд костюм, зангиатай албаны хүмүүс хооллонгоо улс төр, эдийн засгийн сэдвээр нухацтай яриа өрнүүлдэг бөгөөд ханан дээр нь VIP үйлчлүүлэгчид, төрийн өндөр албан тушаалтнуудын гэрэл зураг, тэдний үлдээсэн зурвас, гарын үсэг дурайж буй. Үүнд дэвшилтэт болон консерватив үзэлтнүүд, тухайлбал Д.Трампын үед ид гялалзаж яваа Бүгд найрамдах намын сенатор Кэти Бритт, Тим Скотт, Д.Трамптай тун таагүй харьцаатай Хөдөлмөрийн сайд асан Элэн Чао, 1960-аад онд ид мандаж байсан сенатор асан Роберт Кеннэди, ерөнхийлөгч асан Жорж Буш нарын гэрэл зургууд харагдана. Мөн олны танил хүмүүсийн бичиж үлдээсэн хошигнол, тухайлбал "Вашингтонд найзтай болъё гэвэл шууд нохой тэжээ”, "Өлссөн хүнээс улс төрийн сайн зөвлөгөө гарахгүй", "Харагдахгүй, сонсогдохгүй зүйлийг мэдэрч чадахгүй байгаа бол та Вашингтонд зохихгүй", “Вашингтонд үг гэрлээс хурдан тархдаг" гэх зэрэг эргэцүүлэл шаардсан хурц хошигнолууд бичээстэй бий. Хоёрдугаар давхарт нь улс төрийн хандив цуглуулах, сонгуулийн стратегийн хурал хийх зэрэгт тохирсон тусгай өрөөнүүд бий бөгөөд Конгрессийн чуулган хуралддаг сар гаруйн хугацаанд захиалгаар дүүрэн, ширээ олддоггүй гэнэ. Рестораны гол хоол нь 30 гаруй долларын үнэтэй стэйк, наймалжтай бялуу байдаг. “The Washington Post” сонин рестораны талаар бичихдээ "Конгрессийн улс төрийн гол жүжгийг энд дэглэдэг. Онцлог нь хэрүүл нь эндээ үлддэг, гадагшаа задардаггүй" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.