images

Канад бүсгүй 100 км-ийн марафонд хүүхдээ хөхүүлж явсаар түрүүлжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-29


   42 настай канад бүсгүй 100 км-ийн холын зайн марафонд гүйж, замдаа нярай хүүхдээ хөхүүлж явсаар тэргүүн байр эзэлсэн байна. Австралийн ABC агентлагийн мэдээлснээр, Их Британийн Ultra Trail Snowdonia Race” холын зайн марафонд хүний ​​эрхийн хуульч мэргэжилтэй Стефани Кэйс хэмээх бүсгүй ийм байдлаар оролцсон нь олны талархал хүлээж байна. Тэрбээр зургаан сарын өмнө амаржсан бөгөөд тэмцээний явцад замын дунд хүүхдээ хөхүүлэн саатахдаа өрсөлдөгчөөсөө 30 минутаар хоцорч байсан ч даруй гүйцэж явсаар 100 км замыг 16 цаг, 53 минут, 22 секундэд туулж түрүүлжээ. Тэрбээр олон удаа үр зулбасны зэрэгцээ үр шилжүүлэн суулгах оролдлого нь бүтэлгүйтсэний эцэст өнгөрсөн оны 11 дүгээр сард охин Пепперээ төрүүлжээ. “Гүйлтийн замд бяцхан охиноо хүүхэд асрах цэгт үлдээгээд цааш гүйх болгондоо зүрх минь шимширч байсан ч, эх хүн ямар чадалтай байдгийг охиндоо болон өөртөө харуулахыг хүссэн" хэмээн тэрбээр хэвлэлд ярьсан байна. С.Кэйс ирэх долоодугаар сард Колорадо мужид болох 160 км-ийн марафон гүйлтийн бэлтгэл болгож энэ уралдаанд оролцох гэнэ. Эцэст нь тэрбээр бүх ээжүүдэд хандан "Өөртөө том зорилго тавь" хэмээн зөвлөснийг ABC агентлаг уламжиллаа. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.