images

“Kyodo” агентлаг цаазын ялын талаар Ц.Элбэгдоржоос авсан ярилцлагаа нийтлэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-06-11


   Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ оны тавдугаар сарын дундуур Япон улсад айлчлах үеэрээ тус улсын хэвлэлүүдэд цаазын ялын талаар ярилцлага өгсөн билээ. “Mainichi” сонинд өгсөн түүний ярилцлага өнгөрөгч сарын 29-нд нийтлэгдсэн бол тавдугаар сарын 20-нд хийсэн ярилцлагаа "Kyodo” агентлаг өнөөдөр нийтлэв. Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Монгол улс цаазын ялгүй орон болсон бөгөөд 2017 онд уг ялыг Эрүүгийн хуулиас бүрмөсөн хассаныг "Kyodo” агентлаг юуны түрүүнд дурджээ. Иймд энэ туршлагадаа үндэслэн тэрбээр Япон улсыг цаазын ялгүй орон болохыг уриалж “Өнөөдөр Японы парламентын гишүүд, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд ийм өвийг хойч үедээ үлдээж чадна” хэмээн ярьсныг тус агентлаг эш татсан байна. Мөн Япон улс цаазаар авах ялтай хэвээр байгаа нь Хойд Солонгос, Хятад, Ирантай ижил гэдгийг Ц.Элбэгдорж дурдаад, энэ ялаас татгалзвал Монгол, Японы харилцаа улам сайжирна гэжээ. Тавдугаар сард хийсэн айлчлалынхаа дараа Ц.Элбэгдорж цахим хуудастаа “Цаазын ялын эсрэг ажилладаг Японы хүний эрхийн байгууллага, идэвхтнүүд намайг уриад удаж байгаа юм. Мадрид хотоос манай албаны хүмүүс ирж нэгдлээ. Европын бараг бүх элчин сайдын яам, дипломатууд идэвхтэй оролцов. "OECD" гэх дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг, хөгжлийн байгууллагын 38 гишүүн орноос гурван орон цаазын ялыг бүрэн халж чадаагүй байгаа юм. АНУ-ын хувьд 50 муж улсаас нь 23 нь тус ялыг бүрэн халж, гурван мужид нь цаазын ялыг үл гүйцэтгэх хориг хэрэгжиж байна. Ихэнх муж нь цаазын ялыг хэрэглэхгүй болсон гэсэн үг. Өмнөд Солонгос улсын тухайд бол 1997 оноос хойш цаазын ял гүйцэтгээгүй байсаар 28 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ талаар Япон улс хамгийн ярвигтай байдалтай байгаа юм. Японы Хуульчдын холбоо, эрүүгийн эрх зүйн эрдэмтэн судлаачид уулзалтад идэвхтэй оролцлоо. Тэд дээрх асуудлаар бүрэн хэмжээний судалгаа гаргаж санал дүгнэлтээ хууль тогтоогчид болон холбогдох яам байгууллагад хүргүүлжээ. Улс төрийн шийдвэр гаргах түвшинд энэ тухай нээлттэй ярилцах, тийм байнгын бүтэц бий болгох тухай саналдаа тусгажээ. 2019 онд Японы Баарын Холбоо Олимпын өмнө 2020 онд цаазын ялаас татгалзах тухай нэгдсэн санал гаргажээ. Мөн парламентын гишүүд, хууль тогтоогчдын өргөн төлөөлөлтэй уулзаж дэлгэрэнгүй ярилцаж, асуултад нь хариулав. Японы парламентад тийм олон нам байдгийг биеэр уулзаж байж мэдлээ. Хэвлэлийнхэн айлчлалд маш их ач холбогдол өгөв. Өдөр бүр л тусгайлан ярилцлага, хэлэлцүүлэгт оролцлоо. "Асахи", "Токио", "Майничи" гээд нөлөө бүхий гурван сонины редакц, "Киодо" агентлаг тусгайлан цаг авч уулзалт, ярилцлага хийв” хэмээн бичсэн билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.