images

Г.Эрдэнэбилэг: Хутга шидэлт бол Монголд ч, дэлхийд ч хамгийн залуу спорт

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-12


Монголын хутга шидэлтийн шигшээ баг энэ сарын 18-23-ны өдрүүдэд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болсон билээ. Тэмцээн болох ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үд хотыг тэд энэ сарын 18-ны өдөр зорих бөгөөд тэмцээний бэлтгэлийн талаар Монголын спортын хутга шидэлтийн холбооны ерөнхийлөгч Г.Эрдэнэбилэгээс тодрууллаа.

- Хутга шидэлтийн спортын талаар манай уншигчдад танилцуулж өгөөч. Мөн Монголын тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхтэй болсон талаар ярина уу?

- Анхандаа энэ төрөл нь албан ёсны бүртгэлгүй, жирийн иргэд сайн дураараа цугларч, тодорхой байг онохын тулд өөр өөрсдийн арга барилаар өрсөлддөг байсан юм билээ. Энэ нь явсаар 2019 онд Серби улсын нийслэл Белград хотод спортын нэг төрөл хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, тэр цагаас хөгжлийн эхлэл тавигдсан түүхтэй. Хутга шидэлтийг тухайн ондоо ОХУ-ын Биеийн тамир, спортын яам бүртгэж авснаар спортын албан ёсны статустай болсон юм. Аажмаар улс орнуудад холбоо, нэгдсэн клубууд бий болсноор Олон улсын спортын хутга шидэлтийн холбоонд өнөөдөр 22 улс бүртгэлтэй буйн хамгийн залуу нь манай улс байна. Гишүүнээр элссэнээр бид олон улсын тэмцээн зохион байгуулах, шигшээ багаа бүрдүүлэх, тэмцээнд оролцуулах эрхтэй болсон.

- Монголд энэ спортын хөгжил ямар түвшинд байна вэ?

- Монголд дөнгөж хөгжиж эхэлж байгаа спорт гэхэд манай тамирчид дэлхийн тэмцээнээс хэд хэдэн медаль аваад байна. Тухайлбал, 2024 оны 11 дүгээр сард Беларусийн Минск хотод болсон ДАШТ-д хоёр тамирчин оролцож нэг нь мөнгөн медаль хүртэж, багаараа гуравдугаар байр эзэлсэн. Мөн энэ оны нэгдүгээр сард Олон улсын холбооны 10 спортын мастер, Олон улсын хэмжээний зургаан мастер, дөрвөн шүүгч, гурван удирдах албан тушаалтны хамт манай урилгаар Улаанбаатарт ирсэн юм. Тэд энд байх долоо хоногийн хугацаандаа сургалт, танилцуулга арга хэмжээ зохион байгуулаад явсан. Батлан хамгаалахын их сургуулийн харьяа “Тэмүүжин өрлөг” сургууль дээр болсон энэ арга хэмжээнд Монголын талаас Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллага, хүчний байгууллагуудын алба хаагчид оролцлоо. Нийт 200 гаруй хүн хамруулснаас 40 орчим хувь нь хүчний байгууллагынхан байсан. Үлдсэн 60 хувьд нь жирийн иргэд ирж сонирхсон гэхээр их өргөн хүрээнд болсон гэж үзэж байгаа юм. Үүгээр спортын хутга шидэлт гэж юу вэ гэдгийг бид дотооддоо дорвитой таниулж чадсан. Улмаар холбоогоо байгуулж, үйл ажиллагаагаа дөнгөж эхлүүлээд явж байхад л 300 орчим хүн бүртгүүлсэн байна. Энэ дунд, сонирхож ирсэн шинэ хүмүүс байхад хичээллээд удсан ч хүмүүс байгаа.

- Шигшээ багаа яаж бүрдүүлэв? Монголын шигшээ багт өнөөдөр хэчнээн хүн байна вэ?

- Холбоонд бүртгүүлсэн 300 орчим хүнээс 35-ыг нь шигшиж авсан юм. Тэд өнгөрсөн сараас эхлэн бэлтгэлээ идэвхтэй хийж байгаа. Хутга шидэлт Монголдоо хамгийн залуу спорт гэж тооцогдоно. Олон улсад ч мөн адил.  Шигшээ багт 10-11, 12-13, 14-15, 16-17 гээд хүүхдийн дөрвөн насны ангилалд тамирчин бэлтгэж байна. Харин 18-аас дээш насны тамирчид бүгд нэг ангилалд эмэгтэй, эрэгтэй хоёр баг болох юм. Шигшээ багт эрэгтэй 12, эмэгтэй 10 тамирчин бий. Үлдсэн нь хүүхдүүд. Манай тамирчдаас хамгийн ахмад нь 61 настай. 50, 40, 30, 20 насны төлөөлөл бүгд байна. Орон нутгаас гэвэл Дорноговь, Хэнтий, Төв аймгийн тамирчид шигшээ багт багтсан. Энэ спортоор хичээллэдэг хүн Монголын хүчний бүх байгууллагад байна. Цагдаа, тагнуул, онцгой байдал, хилийн цэрэг, Зэвсэгт хүчний анги салбарууд хутга шидэгч олонтой.

- Ямар ч насны хүмүүс хичээллэх боломжтой байдаг хэрэг үү?

- Онцгойлон хэлье, энэ спортоор 10-аас дээш насны бүх хүн хичээллэж болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч сонирхвол боломж бий. Тэднийг хамруулах чиглэлийг явцын дунд хөтөлбөртөө оруулаад анхааралдаа авч ажиллана. Жишээ татахад, 2024 оны ДАШТ-д 73 настай эрэгтэй хутга шидэгч Олон улсын хэмжээний мастерын зэрэг хангасан.  

- Азийн аварга шалгаруулах тэмцээнд хэдэн орон өрсөлдөх вэ?

- 17 улс мэдүүлгээ өгсөн гэсэн, ахиад нэмэгдэх ч байх. Тиймээс өрсөлдөөн ихтэй болох болов уу. Нийтдээ 120 медалийн төлөө өрсөлдөх юм. Мөн Африкийн орнуудаас ирж судлах, танилцах төдийгүй зарим тамирчин нь тодорхой төрөлдөө оролцоно.  

- Тамирчид бэлтгэлээ хаана хийж байна вэ? Сарын өмнөөс бэлтгэлдээ гарсан гэж дуулсан?

- Тийм ээ. Одоогийн байдлаар Туул голын хөвөө, бургасны чөлөөнд хичээллэж байна. Өглөө найман цагаас 30 минутын бие халаалт хийгээд нэг групп 11 хүртэл хичээллэж байгаа. Нөгөө групп нь 14 цагаас хойш бэлтгэлээ хийх хуваариар явж байна. Бид зургаадугаар сарын 18-ны өглөө Улаан-Үд хот руу хөдөлнө. Энэ тэмцээнд тодорхой амжилт гаргахаар зорьсон. Шар өнгөтэй медаль хэд хэдийг авах хүсэл, зорилго бий. Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод буцах замдаа нийгмийн сүлжээгээр зар түгээж байгаад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Баянгол сум (Баруунхараа), Дархан-Уул аймгийн Дархан суманд үзүүлэн тоглолт хийнэ. Нэг автобусаар бөөндөө явах тул тухайн газраа очоод самбар, талбайгаа богино хугацаанд бэлтгэж, 30 минутаас нэг цагийн хооронд үзүүлэн тоглолтоо хийгээд дараагийн газар руугаа явах төлөвлөгөөтэй. Ингэснээр орон нутагт энэ спортын талаар тодорхой хэмжээний ойлголт өгөх болов  уу гэж найдаж байна.

- Ярилцсанд баярлалаа. Танд нэмж хэлэх зүйл бий юу?

- 2025 оны 11 дүгээр сард хутга шидэлтийн ДАШТ-ийг Монголын тал хүлээж авах юм. Энэ Азийн тэмцээн чинь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх сорил л гэсэн үг. Азийн тэмцээний дараа өөр өөр орнуудад нөхөрсөг тэмцээн явагдах төлөвтэй байгаа. Бид эхний ээлжинд Монголдоо хүчний байгууллагуудад ажиллаж буй тамирчид дээрээ суурилж сургалт хийн тэмцээндээ оролцуулж байгаа. Явцын дунд бүсчилсэн байдлаар дүүрэг дүүргээр нь клуб байгуулаад энгийн иргэдийг олноор хамруулахаар зорьж байна.

Гэрэл зураг дээр спортын хутга шидэлтийн ДАШТ-ий хошой мөнгөн медальт Б.Амарбаясгалан, Г.Эрдэнэбилэг, Т.Энхтөгөлдөр нар.

 

 

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.