images

Энэтхэгт болсон онгоцны ослоос нэг хүн амьд үлджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-13


   Пүрэв гарагт Энэтхэгийн Гужарат мужийн Ахмедабад хотын нисэх буудлаас хөөрөхдөө сүйрсэн "Boeing 787 Dreamliner" онгоцны нэг зорчигч амьд олдсон талаар ANI агентлаг өнөөдөр мэдээллээ. Хотын цагдаагийн албаны тус агентлагт мэдээлснээр энэтхэг гаралтай Их Британийн иргэн, 40 настай Вишвас Кумар Рамеш амьд үлдсэн бөгөөд тэрбээр ослын гарцын ойролцоо 11А суудалд сууж явжээ. Зорчигч цээж, нүүр, хөлдөө нэлээд хүнд гэмтэл авсан хэдий ч одоогоор ухаан санаа хэвийн, өөрөө хөдөлж чадаж байгаа аж. Кумар Рамеш 20 жилийн өмнө Их Британид цагаачилж очоод Лондон хотын иргэн болсон бөгөөд одоогоор эхнэр, хүүгийн хамт амьдардаг ажээ. Тэрбээр Ахмедабад хотод суудаг төрөл төрөгсөдтэйгээ уулзаад Лондон руу буцаж явсан байна. Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хэвийн, Лондонд суугаа эхнэртэйгээ утсаар холбогдон "Би сайн байна, битгий санаа зов" гэж хэлсэн гэнэ. Тэрбээр "Хөөрснөөс хойш гуч орчим секундын дараа чанга дуу чимээ гарч, онгоц унасан. Энэ явдал нүд ирмэхийн зуурт болж өнгөрсөн" гэж Hindustan Times сонинд ярьжээ. Осолдсон онгоц Энэтхэгийн Ахмедабад хотын нисэх буудлаас Лондонг чиглэн ниссэн бөгөөд хөөрснөөс хойш нэг минутын дараа ойролцоогоор 190 метрийн өндрөөс унаж, анагаах ухааны их сургуулийн оюутны байрыг мөргөсөн байна. Онгоцонд зорчиж явсан нисэх багийн 12 гишүүн, 230 зорчигчийн дийлэнх, түүнчлэн дотуур байранд байсан хэдэн арван оюутан амиа алдсан гэж таамаглаж байна. Одоогоор ослын газраас 204 хүний ​​цогцсыг гаргаж, шархадсан 41 хүнийг эмнэлэгт хүргэсэн ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.