Ирэх есдүгээр сард Улаанбаатар-Ташкент чиглэлд “Хүннү Эйр” компани шууд нислэг үйлдэнэ
Чихэнд чимэгтэй
2025-06-18
Монголын “Хүннү Эйр” компанийн захирал П.Мөнхжаргал, Узбекистаны Зам тээврийн орлогч сайд Жасурбек Чориев нар уулзаж хоёр улсын хооронд иргэний агаарын тээврийг хөгжүүлэх талаар ярилцлаа. Тэд Улаанбаатар-Ташкент чиглэлд шууд нислэг бий болгох, хоёр улсын жуулчдыг нэмэгдүүлэх, Узбекистан улсаар дамжин Монголын иргэд бусад орон руу нисэх, ачаа тээвэрлэх боломжийн тухай хэлэлцжээ. Одоогийн байдлаар “Хүннү Эйр” компани ирэх есдүгээр сард “Embraer 190” онгоцоор долоо хоногт хоёр удаа Улаанбаатар-Ташкент чиглэлд нислэг үйлдэж эхлэхээ зарлаад байна. Тус компани Узбекистан руу шууд нислэг үйлдэх тухай хэлэлцээг Ташкент хотын олон улсын нисэх онгоцны буудалтай өнгөрөгч гуравдугаар сард хийсэн юм. Ийнхүү хоёр улс шууд нислэгтэй болох эхлэлийг Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн урилгаар 2024 оны зургадугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад айлчлахдаа тавьжээ. Тухайн үед талууд “Агаарын харилцааны тухай Монгол улсын Засгийн газар, Бүгд найрамдах Узбекистан улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол улсын Засгийн газар, Бүгд найрамдах Узбекистан улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.