images

АНУ-ын хилээр нэвтрэхдээ юуг анхаарах ёстой вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-26


   Дональд Трамп засгийн эрхэнд гарснаас хойш АНУ хууль бус цагаачлалаас сэргийлэх үүднээс хилийн хяналтаа чангатгаснаар хил нэвтрэх үйл явц өмнөхөөсөө илүү төвөгтэй болсон гэх мэдээлэл бий. Тодруулбал, гадаадын иргэнийг тус улсын хилээр нэвтрэхэд хувийн сошиал хэрэглээг нь хянаж, Д.Трампын засаг захиргааны бодлоготой нийцэхгүй үзэл бодолтой иргэдийг оруулахыг хориглосон гэх мэдээлэл гарснаар АНУ-ыг зорихоор төлөвлөж буй оюутнууд болон аялагчдын дунд болгоомжлол үүсээд байгаа юм. БНСУ-ын “Yonhap news” агентлагийн сурвалжлагч Даллесын олон улсын нисэх онгоцны буудлын хилийн шалгалт хариуцсан Гааль, хил хамгаалах (CBP) албаны хүмүүстэй уулзаж тодруулга авсныг хүргэж байна.

Д.Трампын засаг захиргаа шинэ бодлого явуулж эхэлснээс хойш хил, гаалийн шалгалт үнэхээр төвөгтэй болсон уу?

- Бидний үүргийг хуульд заасан байдаг. Засаг захиргаа өөрчлөгдсөн ч хууль өөрчлөгдөөгүй учраас өмнөх хуулиа хэрэгжүүлсээр байна. Засгийн газрын бодлогоос шалтгаалж гарсан тодорхой чиглэлүүд манай ажилд нөлөөлж болох ч бидний өдөр тутмын үйл ажиллагаанд төдийлөн өөрчлөлт ороогүй.

- Орохыг хориглосон гадаадын иргэдийн тоо нэмэгдсэн үү?

- Нэмэгдсэн нь үнэн. Гэхдээ үүнийг засаг өөрчлөгдсөнөөс болсон гэж бодохгүй байна. Манай нисэх буудлын хувьд зорчигчдын тоо өмнөх оныхоос нэмэгдсэн. Зорчигчдын тоо нэмэгдсэн болохоор шалгалтын хоригт өртөх хүмүүс мөн нэмэгдэх нь зайлшгүй юм.

- Гадаадын оюутнууд АНУ-д нэвтрэхдээ юуг анхаарах ёстой вэ?

- Нэгдүгээрт, суралцах зорилгодоо нийцсэн, хүчинтэй оюутны визтэй байх ёстой. Визээс гадна I-20 эсвэл DS2019 зэрэг нэмэлт бичиг баримт бүрдүүлэх ёстой. Мөн АНУ-д ирсэн зорилго, аль сургуульд орох гэж байгаа, амьдрах байраа олсон эсэх зэрэг үндсэн асуултуудад хариулах чадвартай байх ёстой. Хэрэв чадахгүй бол хоёр дахь шатны шалгалтаар орно. Тиймээс энэ тал дээр сайтар анхаарах хэрэгтэй.

- Бичиг баримтын зөрчилгүй байсан ч олон нийтийн сүлжээнд АНУ-ын Засгийн газрыг шүүмжилсэн зэрэг асуудлаас болж хилийн хоригт ордог гэх мэдээлэл үнэн үү?

- Энэ худлаа. Үүнээс илүү бодитой шалтгаан байх ёстой. Жишээлбэл, хилийн шалгалтын үеэр нэмэлт шалгалт шаардлагатай болох тохиолдол байдаг. Энэ үед зарим зорчигч АНУ-д долоо хоногийн амралтаар ирсэн гэж хариулсан мөртлөө хувийн цахим хэрэглээг нь шалгаад үзэхэд зөвшөөрөлгүй ажиллаж, амьдрахаар ирсэн нь батлагддаг. Хувийн цахим хаягаараа найз нар луугаа мерик дахь шинэ амьдрал минь сайн сайхан болно гэж найдаж байна", “Энд сайтар төвхнөсөн хойно та нар ирээрэй, би хүлээж байх болно” гэх мэт зурвасууд бичсэн байдаг. Энэ мэтээр олон талаас нь нарийн шалгаж үзнэ. Цахим хэрэглээг шалгах нь үүний зөвхөн нэг л хэсэг юм.

- Цахим хуудсандаа Палестины далбаа байршуулсан хүнийг Америкт нэвтрэхийг хориглох уу?

- Америк бол олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрдөг орон. Миний бодлоор жирийн аялагч хүн улс төрийн ямар үзэлтэй байх нь хэнд ч хамаагүй. Харин терроризмыг сурталчлах, эсвэл ийм төрлийн үйлдлийг талархан дэмждэг нь илэрсэн бол хилээр нэвтрүүлэхгүй байх ноцтой шалтгаан болно.

- Цахим сүлжээнд Палестиныг дэмжиж жиргэсэн байвал яах вэ?

- Энэ нь яг дангаараа асуудал болохгүй. Хамгийн гол нь тухайн хүн террорист бүлэглэл гэж АНУ-ын үздэг байгууллагыг сурталчилж байна уу гэдгийг тогтоох ёстой. Бид АНУ-ын терроризмын эсрэг зорилтуудыг биелүүлэх үүрэгтэй.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.