"Өнөр" хорооллын замыг дөрвөн эгнээ болгоно
Чихэнд чимэгтэй
2025-07-07
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-өөр Сонгинохайрхан дүүргийн “Өнөр" хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг иж бүрэн шинэчилж, авто замыг сууриар нь хүчитгэн, ногоон байгууламж, явган хүний зам, ус зайлуулах системийг цогцоор нь байгуулан бордюрыг солих ажил өнөөдөр эхэллээ. Монгол улсын Засгийн газар, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан зээлийн гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй энэ төслийн гүйцэтгэгчээр "Макс Рөүд", "Арж Капитал" компани ажиллаж байна. Наадмын амралтын өдрүүдээр буюу хотын авто замын ачаалал буурах, иргэд амрах цагийг ашиглан энэ сарын 7-13-ны хооронд замын зарим хэсгийг засах ажээ. Тодруулбал, "Мөнгөн гүүр" эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэлх 300 метр авто замыг дээр дурдсан хугацаанд хааж, ус зайлуулах байгууламж хийж, бордюр сольж, авто замыг хучна. Мөн тус эмнэлгийн хажуугийн талбайг засаж 86 автомашины багтаамжтай зогсоол болгох юм. Энэ ажлын дараа "Москва" хорооллын уулзварыг хааж авто замыг хүчитгэнэ. "Өнөр" хорооллын арын гол замын барилгын ажил, "Драгон" төвөөс хойш Үйлдвэрчний эвлэлийн гудамж, "Содон" хороолол, Баянхошууны тойрог хүртэлх 8.8 км авто замыг шинэчлэх төсөл нь зөвхөн өнгөн хэсгийг засах бус сууриар нь хүчитгэх цогц ажил тул нийслэл, дүүргийн удирдлагууд хороодын иргэдтэй уулзаж гарц гармыг тохиролцож, саналыг нь сонссон билээ. Мөн "Өнөр" хорооллын арын гол замыг дөрвөн эгнээ болгоно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.