Аляска мужид уулзалт хийх нь В.Путинд ямар ашигтай вэ?
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх 15-ны өдөр Аляска мужид болох АНУ-Оросын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Тэрбээр хамгийн сүүлд 2015 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йоркт айлчилснаас хойш Америкийн нутагт хөл тавиагүй байсан юм. Дээд хэмжээний уулзалт болох газраар Аляска мужийг сонгосон шалтгааныг дэлхийн хэвлэлүүд янз бүрээр тайлбарлаж байна. В.Путин эхлээд Арабын Нэгдсэн Эмират, мөн эсвэл Саудын Арабт уулзахыг санал болгосон гэх мэдээлэл бий. Учир нь 2023 онд Олон улсын эрүүгийн шүүхээс түүнийг дайны гэмт хэрэгтэн хэмээн зарлаж, баривчлах тушаал гаргасан тул тэрбээр баривчлагдахгүй байх газрыг илүүд үзсэн байх магадлалтай юм. АНЭУ болон Саудын Араб улс Олон улсын эрүүгийн шүүхийн эрх мэдлийг олгодог Ромын дүрмийг хүлээн зөвшөөрдөггүй юм. АНУ мөн Ромын дүрмээс татгалзсан тул В.Путин Аляскад уулзах саналыг хүлээн авсан гэж зарим хэвлэл мэдээлж байна. Аляскийн Анкориж хот Москвагаас 7000 км, Вашингтоноос 5500 км зайд оршдог бөгөөд тус мужийн амбан захирагч Майкл Данливи газар нутгийнхаа талаар “Хамгийн онцгой стратегийн байршил" гэж нэрлэсэн байна. АНУ 1867 онд Аляскийг Оросоос 7.2 сая доллараар худалдаж авсан бөгөөд эдүгээ Оросын үндсэрхэг үзэлтнүүд тус нутгийг АНУ-аас эргүүлэн авах ёстой гэж мэдэгдсэн тохиолдол бий. Энэ утгаараа В.Путин хуучин Оросын эзэнт гүрний газар нутагт уулзалт хийх нь нь Орост ашигтай гэж үзэж байна. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон үүнийг “В.Путинд хамгийн ашигтай байршил” гэж мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







