Монгол, Өмнөд Солонгосын эрдэмтдийн соёлын өвийн хамтарсан судалгааны үр дүн 2027 онд гарна
Монголын Соёлын өвийн үндэсний төвийн судлаачид Өмнөд Солонгосын эрдэмтэдтэй хамтран энэ оны долоодугаар сарын 14-22-ны хооронд Булган аймгийн Дашинчилэн сум дахь Харбухын балгас соёлын дурсгалт газрыг судаллаа. Энэ ажил 2024 онд талуудын хооронд байгуулсан Соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагаа, солилцооны тухай харилцан ойлголцлын санамж бичигт үндэслэсэн юм. Харбухын балгас соёлын дурсгалт газар бол Монголын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаардаг. Мөн Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн газар юм. Тэгвэл энэ удаа хоёр улсын эрдэмтэд X зуунд барьж XVII зуунд сүйдсэн Буддын шашны сүмийн туурийг судалсан бөгөөд энэ ажлын үр дүн ирэх 2027 онд гарахыг мэдэгдсэн байна. Тэдний судалгаа соёлын өвийн зэрэглэлийг тогтоож, гамшиг эрсдэлээс хэрхэн хамгаалж, аюулгүй байдлыг нь хангах тал дээр төвлөрчээ. Энэ бол монгол, солонгос эрдэмтэд 2022 оноос хойш хамтарч хийсэн соёлын өвийн дөрөв дэх судалгаа юм. Тэд үүний өмнө Хархорин хотын Эрдэнэ зуу хийдийг судалсан аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







