1000 км зайн морин уралдааны эхний байранд дөрвөн тамирчин зэрэг орж иржээ
Манай улсад 2009 оноос хойш жил бүр зохион байгуулж буй 1000 км зайн олон улсын морин уралдаан “Mongol Derby” энэ сарын 4-нөөс эхлэн найм дахь өдрөө үргэлжилж байна. Орон орны 40 гаруй тамирчин оролцож буй уг уралдаан өнөөдөр өндөрлөх бөгөөд тэргүүн байрын эзэд өчигдөр тодорчээ. Тодруулбал, Арабын Нэгдсэн Эмират улсын тамирчин Шейх Халифа Аль Хамед, Исса Аль Хияри нар болон АНУ-ын тамирчин Майкл Поллард, Их Британийн тамирчин Анна Бөүдэн нар эхний байранд зэрэг орж ирсэн байна. Тамирчид өнгөрсөн хугацаанд өдөр бүрийн долоон цагаас оройн 19 цагийн хооронд Монгол орны хээр тал, говь нутаг, элсэрхэг намгархаг газруудыг туулан уралджээ. Улмаар малчин айлуудад хоноглож, морио сэлгэн дараагийн өдөр нь уралдаанаа үргэлжүүлж байв. Чингис хааны өртөө улаанаас санаа авч, 1000 км замын 35-40 км тутамд морио сэлгэн унаж нийт 28 өртөөг дайран өнгөрдөг энэ уралдаан дэлхийн хамгийн хол зайн морин уралдаан гэдгээрээ алдартай. Уралдааны оролцогчдыг дээд тал нь 85 кг жинтэй, 185 см хүртэл өндөр, бие махбодын хөгжил сайн, сэтгэл зүйн бэлтгэлтэй байх зэрэг өндөр шаардлага тавьж шалгаруулдаг аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







