АНУ: Дэвшилтэт болон консерватив үзлийг төлөөлж байсан эрхмүүдийг шуудангийн марканд мөнхлөв
АНУ-д иргэний эрхийн төлөөх тэмцэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хөдөлгөөн ид өрнөж байсан 1965 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр консерватив үзлийг сурталчилдаг “National Review” сэтгүүлийн редактор, цагаан арьст Уильям Ф.Бакли (1925–2008) болон хар арьст зохиолч, иргэний хөдөлгөөний идэвхтэн Жэймс Болдуин (1924–1987) нарын хооронд мэтгэлцээн болсон нь олны анхаарлыг татсан юм. Тэд "Өнөөгийн америк мөрөөдөл хар арьст хүмүүсийн хөлс хүчээр бүтэж байна" гэсэн сэдвээр мэтгэлцсэн бөгөөд Ж.Болдуин "Америкийн хөгжлийн түүхийн туршид хар арьстнууд мөлжлөгт өртөж, ялгаварлан гадуурхагдаж ирсэн" гэж мэтгэсэн бол У.Бакли "Бид үүнийг Америкийн нийгмийг бүрдүүлдэг олон үндэстний байр сууринаас харах ёстой” гэж байв. Тухайн үеийн дэвшилтэт болон консерватив үзлийг төлөөлж байсан дээрх хоёр эрхмийг олон жилийн дараа шуудангийн марканд мөнхөлжээ. АНУ-ын Харилцаа холбооны газар (USPS) ирэх сард У.Баклигийн дурсгалд зориулсан марк гаргаж, түүний суралцаж төгссөн Йелийн их сургууль дээр дурсгалын арга хэмжээ зохион байгуулахаар болсон байна. У.Бакли бол орчин үеийн Америкийн консерватизмыг тодорхойлоход дорвитой хувь нэмэр оруулсан зохиолч, улс төрийн тоймч байсан хэмээн USPS онцолжээ. Харин Ж.Болдуинд зориулсан марк 2004 онд хэвлэгдсэн байна. Сэтгүүлийн редактор, телевизийн мэтгэлцээний хөтлөгч, зохиолч У.Бакли нь орчин үеийн Америкийн консерватив үзлийн үндсийг тавьсан гэж үздэг. Ирландын бизнесмэний гэр бүлд төрсөн тэрбээр бага наснаасаа Христийн шашин шүтдэг, зах зээлийн эдийн засаг, хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг байжээ. Йелийн их сургуульд сурч байхдаа тэрбээр "Skull and Bones" нэртэй нууц нийгэмлэгт мэтгэлцэгчээр оролцон ихэд алдаршсан бөгөөд дараа жил нь буюу 1951 онд "Бурхад ба хүмүүс" нэртэй анхны номоо хэвлүүлсэн байна.
1954 онд Маккартизмын гол төлөөлөгч, сенатор Жозеф Маккартиг өмгөөлөн "Маккарти ба түүний дайснууд" зохиолоо бичжээ. 1955 онд гучин настайдаа консерватив үзэл баримтлалыг дэвшүүлэн “National Review” сэтгүүлийг байгуулсан байна. 1966 оноос "Firing Line" телевизийн мэтгэлцээний нэвтрүүлгийн хөтлөгчөөр 33 жил ажиллажээ. У.Бакли нь мөн Америкийн консерватив хөдөлгөөнийг хямралд оруулсан Уотергейтийн дуулианы эзэн, ерөнхийлөгч Ричард Никсоныг огцруулахад далдуур томоохон нөлөө үзүүлсэн гэдэг.
Харин У.Баклигээс 21 жилийн өмнө шуудангийн маркан дээр дүрээ мөнхөлсөн Ж.Болдуин нь Нью-Йоркийн Харлем хотын ядуусын хороололд төржээ. Америкийн нийгэм дэх арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, цөөнхүүдийг нүд үзүүрлэх явдлыг хатуу шүүмжилсээр ирсэн түүний олон бүтээл бэстселлер болж байв. Тэрбээр "The Nation", "Partisan Review" зэрэг сэтгүүлд ерөнхий редактораар олон жил ажилласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







