“The New York Times” сонин Ларри Эллисоны буяны үйлсийг онцлов
Дэлхийн тэргүүн баячуудын нэг, “Oracle” компанийг үүсгэн байгуулагч Ларри Эллисоны буяны үйлсийн тухай “The New York Times” сонин онцолжээ. Тэрбээр компанийнхаа технологи хариуцсан захирлын албыг хашиж байгаа бөгөөд өнгөрсөн сард олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн нийтлэлдээ "Хүмүүст туслахын тулд цаг хугацаа, нөөц бололцоо бүхнээ зориулна” гэжээ. Улмаар нөөц бололцоогоо Их Британийн Оксфордын их сургуулийн ойролцоо баригдаж буй "Эллисоны технологийн лаборатори"-т төвлөрүүлэхээ мэдэгдэж, цаг уурын өөрчлөлт, өлсгөлөн, өвчин тахлын эсрэг үйлсэд хүчин зүтгэнэ гэдгээ хэлсэн байна. Л.Эллисоны амлалтын гол цөм нь буяны байгууллага биш, харин технологийн лабораторийг бүрдүүлдэг ашгийн төлөө корпорациудын цогц сүлжээ юм. Эдгээр корпораци сүүлийн жилүүдэд эрдэм шинжилгээний хүрээлэнгийн барилгын ажил болон бусад холбогдох төслүүдэд хэдэн зуун сая паунд зарцуулсан байна. Тэрбээр буяны байгууллагууд том асуудлыг шийдвэрлэхэд тийм ч оновчтой биш гэдгийг онцолжээ. Улмаар цахим сүлжээнд бичсэн нийтлэлдээ хөрөнгийнхөө тодорхой хэсгийг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд зориулах тухай амлалт буюу "The Giving Pledge”-д гарын үсэг зурсан болохоо дурдаж, баялгаа нийгэмд зарцуулах шинэ арга зам бодож олсноо хэлсэн байна. Баян чинээлэг хүмүүст зориулсан буяны клуб болох "The Giving Pledge"-ийг 2010 онд Билл Гэйтс, Уоррен Баффет нар үүсгэн байгуулсан бөгөөд гишүүд баялгийнхаа тэн хагасаас доошгүй хувийг нийгмийн сайн сайхны төлөө зориулахаа амлаж гарын үсэг зурдаг ажээ. 2010 онд Л.Эллисон баялгийнхаа 95-аас доошгүй хувийг буяны үйлсэд зориулна гэдгээ амласан юм. Саяхан Эллисоны хүрээлэн нэг төсөлд 1 тэрбум паундын хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээсэн бөгөөд 2027 он гэхэд Оксфордод томоохон хотхон барих, жил бүр Оксфордын их сургуулийн 20 орчим судалгааны тэтгэлгийг ивээн тэтгэх зэрэг амлалт багтсан байна. Мөн тэрчлэн 5000 хүртэл хүнийг ажиллуулахаар төлөвлөж байгаагаа зарласан нь Б.Гейтсийн сангийн хэмжээнээс хоёр дахин их юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







