Комд орсон бүсгүй их сургуульд тэнцсэнээ мэдээд ухаан оржээ
Зүрхний өвчний цочмог хүндрэлийн улмаас ухаан алдаж сэхээнд байсан 18 настай бүсгүй их сургуулийн шалгалтад тэнцсэнээ мэдээд ухаан оржээ. “South China Morning Post” сонины мэдээлснээр, Хөнань мужийн иргэн Цян Чэньнань их сургуульд шалгалт өгөөд гарч явахдаа зүрхний хэм алдагдаж амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд ордог зүрхний булчингийн үрэвсэл хэмээх өвчний огцом хүндрэлийн улмаас ухаан алдаж комд орсон байна. Сэхээний тасагт найм хоносны дараа түүний эцэг Хуанхэгийн тээврийн их сургуульд тэнцсэн захидлыг нь авчирч энэ талаар хэлсэнд бүсгүйн нүдний зовхи хөдөлжээ. Улмаар эцгийнхээ дуулгасан мэдээг ойлгож байгаагаа зовхины удаа дараагийн хөдөлгөөнөөр мэдэгдсэн төдийгүй маргааш нь гэхэд бүрэн ухаан орж, зүрхний үйл ажиллагаа нь эрс сэргэсэн байна. Ар гэрийнхэн нь банкнаас 200 мянган юанийн (100 сая орчим төгрөг) зээл авч охиныхоо эмчилгээнд зарцуулсан гэнэ. Бүсгүйн эцэг 2023 онд автомашины осолд орсноос амьдрал хүнд байгаагаа “South China Morning Post” сонинд яриад “Хэчнээн хүнд байсан ч бид охиноо сургуульд оруулж мөрөөдлийг нь биелүүлнэ” гэжээ. Эмнэлгийнхний хэлснээр, өнөөдрийн байдлаар бүсгүй энгийн тасагт шилжсэн бөгөөд есдүгээр сар гэхэд хичээлдээ явах бололцоотой болно гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







