Хүйтэн уулын өндрийг хэмжжээ
Монгол улсын зөвлөх инженер О.Хосбаяр, инженер О.Пүрэвдорж, инженер У.Сэргэлэнбат нар энэ сарын 2-11-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байх, далайн түвшнээс дээш 4374 метр өндөр Хүйтэн уул, 4082 метр өндөр Таван Богд уулын өндрийг хэмжээд иржээ. Тэд мөс, цастай өндөр уулсад авирч, газарзүйн байрлал, өндрийн мэдээллийг сантиметрийн нарийвчлалтай тодорхойлох зориулалттай багажуудаар хэмжилт хийсэн байна. Энэ нь уулсын оройн цэгийн солбицол, өндрийг ITRF буюу 2014, 2020 оны олон улсын стандартын тогтолцоонд нийцүүлэн тодорхойлох зорилготой байжээ. Мөн манай улсын өндрийн тоололд ихэвчлэн ашиглагддаг Балтийн тэнгисийн өндрийн тогтолцоонд нийцүүлэн тодорхойлсон байна. Монгол орны баруун, зүүн, хойд, өмнөд захын цэг, тэдгээрийн хоорондох зай, хамгийн өндөр, нам цэгийн нэр, солбицол, өндрийн утгыг анх 1980 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 149 дүгээр тогтоолоор баталж байсан бөгөөд уулсын өндрийг уламжлалт аналог аргаар хэмжиж иржээ. Тэгвэл энэ удаа уулсын өндрийг шинэчлэн тогтоохоос гадна Таван Богд уулын нэрийг “Найрамдал оргил”, “Хүйтэн уул” нэрийг “Хүйтний оргил” гэж өөр өөр байдлаар нэрлэж хэвшсэнийг УИХ-аар баталсан газар зүйн зөв нэрээр олон нийтэд хэвшүүлэх ажлыг зохион байгуулах аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







