Швейцар: Хурд хэтрүүлсэн жолооч 100 мянган долларын торгууль хүлээсний учир юу байв?

Швейцар: Хурд хэтрүүлсэн жолооч 100 мянган долларын торгууль хүлээсний учир юу байв?


   Швейцар улсад нэгэн чинээлэг эр хурд хэтрүүлсэн хэргээр 100 гаруй мянган долларын торгууль төлөх болжээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр тэрбээр нэг жилийн өмнө Вауд мужийн нийслэл Лозанн хотод 50 км/цагийн хязгаартай замаар 77 км/цаг хурдтай давхиж яваад цагдаа нарт саатуулагдсан байна. Өнгөрсөн зургаадугаар сард болсон шүүх хурлаас түүнийг 10 мянган швейцар франкийн (ойролцоогоор 12 мянган доллар) урьдчилгаа торгууль төлөх, ирэх гурван жилийн дотор дахин хурд хэтрүүлсэн тохиолдолд 80 мянган швейцар франк (ойролцоогоор 100 мянган доллар) нэмж төлөх шийдвэр гаргасан байна. Зөвхөн хурд хэтрүүлсний төлөө ийм өндөр торгууль ногдуулах болсон шалтгаан нь, тус улсын хуулинд тухайн хүний орлого, хөрөнгө, амьдралын хэв маяг зэрэг хүчин зүйлсийг харгалзан торгууль ногдуулдаг заалттай ажээ. Хурд хэтрүүлсэн хэргээр ийм өндөр торгуульд унасан хүн бол тус улсын бизнес мэдээллийн “Bilan” сэтгүүлээс Швейцарын хамгийн чинээлэг 300 хүнийг шалгаруулахад тэргүүн байранд орж байсан нэгэн аж. Тэрбээр шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, давж заалдахгүй гэдгээ хэлсэн бөгөөд найман жилийн өмнө мөн л ийм хэргээр 10 мянган швейцар франкийн торгууль хүлээж байсан болохыг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Тус улсад хурд хэтрүүлсэн хэргээр хамгийн өндөр торгууль ногдуулж байсан тохиолдол 2010 онд бүртгэгдсэн бөгөөд "Ferrari" машин унаж яваад хурд хэтрүүлсэн чинээлэг эр 290 мянган долларын торгууль хүлээж байжээ. Швейцараас гадна Герман, Франц, Австри зэрэг орнууд торгуулийн хэмжээг хөрөнгө, орлогоос хамааран тогтоодог тогтолцоотой юм. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.