Хятад: Найз бүсгүйн үүрэг гүйцэтгэдэг робот зохион бүтээжээ

Хятад: Найз бүсгүйн үүрэг гүйцэтгэдэг робот зохион бүтээжээ


    Хятадын робот үйлдвэрлэлийн зах зээлд тэргүүлэгчдийн нэг "Lingtong Robotics" компани найз бүсгүйн үүрэг гүйцэтгэдэг робот зохион бүтээсэн байна. 56 см өндөртэй энэ робот нь бүжиглэх, дуулах, түүгээр үл барам хүний сэтгэл санаа, элдэв шаналлыг хуваалцаж чаддаг ажээ. Шанхайд төвтэй компанийн бүтээсэн NIA-F01 нэртэй уг робот 9999 юанийн үнэтэй бөгөөд одоогоор онцгой хямдрал зарлаад байна. Робот нь хүүхэлдэйн киноны дүрийг санагдуулам гоолиг залуу төрхтэй, 1.2 кг жинтэй, ширээн дээр байрлуулах зориулалттай гэнэ. Мөн харааны, сонсголын болон хүрэлцэх мэдрэхүйгээр тоноглогдсон, хэрэглэгчийн яриа, нүүрний хувирлыг мэдэрч, сэтгэл хөдлөлийн харилцаа холбоог бий болгодог ажээ. Хамгийн гол онцлог нь хэрэглэгч энэ роботыг хүссэн загвартаа тохируулан өөрчилж болдог бөгөөд царай, үс засалт, хувцас, дуу хоолой, яриа, хөдөлгөөн зэргийг нь тохируулах боломжтой юм. Гэсэн хэдий ч бусад хүн дүрст роботуудаас ялгаатай нь гэрийн ажил хийж чадахгүй аж. Харин орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, робот найз бүсгүй гарч ирсэн нь олон нийтийн дунд зарим эргэлзээг бий болгож байна. Робот гэрийн тэжээвэр амьтад, найз нөхдийг орлож, хүний сэтгэл хөдлөлийн хэрэгцээг хангаж чадна гэдгийг зах зээл эерэгээр хүлээн авч буй ч тодорхой хүмүүсийг хуулбарлах хууль эрх зүйн үндэслэл байхгүйгээс асуудал үүсч болзошгүй гэсэн болгоомжлол байгаа ажээ

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.