“Хүннү Эйр” Америкийн үйлдвэрлэгчээс гурван онгоц авахаар захиалжээ
Монголын агаарын тээврийн “Хүннү Эйр” компани Америкийн нисэх онгоц үйлдвэрлэгч “Cessna” компаниас зорчигч болон ачаа тээврийн гурван онгоц худалдан авахаар захиалга өгчээ. Захиалга нь “Cessna SkyCourier” загварын хоёр, “Cessna Grand Caravan EX” загварын нэг онгоцноос бүрдэж байгаа бөгөөд 2026 оны эхээр нийлүүлж эхлэхээ үйлдвэрлэгч нь өнөөдөр мэдэгдсэн байна. Эдгээрээс эхний загвар нь хоёр хөдөлгүүртэй, 19 хүний суудалтай, 2-3 сая долларын үнэтэй бол дараагийнх нь нэг хөдөлгүүртэй, есөн хүний суудалтай, 7-8 сая долларын үнэтэй юм. 100 шахам жилийн түүхтэй “Cessna” компани дээрх хоёр загварыг шуудан илгээмж, ачаа тээвэр болон логистикийн бусад үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “FedEx” компанийн захиалгаар 2022 онд үйлдвэрлэж эхэлжээ. “Хүннү Эйр” нь агаарын тээврийн салбарт 2011 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ салбарын манай хоёр дахь том компани билээ.
Зураг дээр: “FedEx” компанийн ашиглаж буй “Cessna SkyCourier” онгоц. Эх сурвалж: wikipedia.org
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







