Бакула ринбүүчийн тухай баримтат киног Шинэ Делид үзүүлнэ
Энэтхэгийн төр, шашны нэрт зүтгэлтэн, 1990-2000 онд Монгол улсад Элчин сайдаар ажиллаж байсан Кушок Бакула буюу Бакула ринбүүчийн тухай баримтат киног Шинэ Дели хотод үзүүлэх гэж байна. Энэтхэгийн түүхч, сэтгүүлч Хиндол Сэнгүптагийн бүтээсэн "Kushok Bakula: The Extraordinary life of an extraordinary monk" киног Шинэ Дели хотын “India International Centre” төвд ирэх 27-ны өдөр гаргах бөгөөд энэхүү тусгай үзүүлгэд Монгол улсаас Энэтхэг улсад суугаа Элчин сайд Д.Ганболд уригджээ. Кушок Бакулагийн намтар “Элчин багш Бакула ринбүүчи” (англиар "Kushok Bakula Rinpoche The Architect of Modern Ladakh: Life and Time") хэмээх ном бичсэн нь монгол хэлнээ 2022 онд орчуулагдсан, Монгол улс дахь Энэтхэгийн Элчин сайдын яаманд ажиллаж байсан, эдүгээ Азийн буддистуудын энх тайвны бага хурал байгууллагын нарийн бичгийн дарга Соном Ваанчиг энэ арга хэмжээнд мөн урилгаар оролцоно. "Бакула ринбүчи нь Энэтхэгийн Ладаг нутгийнхны эрхэм дээд шүтээн бөгөөд Монгол улсад Элчин сайдаар 10 жил ажиллахдаа Буддын шашныг тус улсад сэргээн хөгжүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэсэн" хэмээн киноны танилцуулгад онцлон дурджээ. Бурхан багшийн 16 архадын нэг Бакула архадын 19 дүгээр дүр Бакула ринбүүчи манайд ажиллаж байхдаа сүсэгтэн олны дунд Элчин багш хэмээн алдаршсан билээ. 2003 онд 85 настайдаа жанч халсан түүний хойд дүр 2007 онд төрснийг 2010 онд Ладагийн Бэтүб хийдэд ширээнд залсан бөгөөд тэрбээр 2017, 2022 онд Монголд ирсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







