Цаг уурын албан хаагчид байгаль орчны хяналт тавих бүрэн эрхтэй болов
Цаг уур, орчны шинжилгээний газрын албан хаагчдад Засгийн газраас байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олголоо. Тодруулбал, тус газрын орчны шинжилгээний хэлтсийн мэргэжилтнүүд байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, журам, зааврын биелэлтэд бүрэн хяналт тавих боломжтой болж байна. Ингэснээр ЦУОШГ-ын албан хаагчид орчныг бохирдуулж, доройтуулж буй үйл ажиллагаанд хяналт тавих, таслан зогсоох нөхцөл бүрдэнэ хэмээн албаныхан үзэж байгаа аж. Үүний зэрэгцээ манай улс Өмнөд Солонгосын Засгийн газрын буцалтгүй тусламжаар орчны хяналт, шинжилгээний чадавхийг сайжруулах ажлуудыг хийж байгаа билээ. Түүний нэг нь 21 аймгийн төвийг агаарын чанарын автомат станцтай болгох бөгөөд одоогоор 14 аймагт суурилуулаад байна. Улмаар энэ намар буюу 8, 9 дүгээр сард Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв, Говьсүмбэр, Дорнод аймагт байгуулах аж. Мөн Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийг иж бүрэн шинэчлэх ажил хоёр жилийн хугацаанд хэрэгжих бол байгаль орчны хяналтын явуулын лабораторийг 10 дугаар сараас ашиглаж эхлэхээр төлөвлөжээ. Уг төслийг 2026 онд үргэлжлүүлэн орчны хяналтын багаж, төхөөрөмжүүдийг цаг уурын байгууллагуудад үнэ төлбөргүй олгохоо санхүүжүүлэгч тал мэдэгдсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







