ChatGPT-ийн зөвлөгөөг дагах нь маш осолтой болохыг анхааруулав
Хиймэл оюун ухаан (AI) ChatGPT-ийн хоолны дэглэмийн зөвлөгөөг дагаж мөрдсөн нэгэн америк эр гэнэтийн байдлаар сэтгэцийн эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал 60 гаруй настай А давсны хэрэглээгээ багасгах гэж ChatGPT-д хандан давс орлуулагчийн талаар зөвлөгөө хүсэхэд түүнд хоолондоо натрийн бромид хийхийг санал болгожээ. Ингэснээр тэрбээр хиймэл оюуны зөвлөсний дагуу натрийн бромидыг гурван сар орчим хэрэглэсэн байна. Хамгийн осолтой нь натрийн бромид нь давсыг орлож чадах хүнсний бодис биш байжээ. Энэ нь усан бассейны ариутгагч, нойрны эм, тайвшруулах эм зэрэг сэтгэцэд нөлөөлөх эмэнд хэрэглэдэг бодис юм. Хэт их хэрэглэх нь сэтгэцэд өөрчлөлт орох аюултай байдаг аж. Эцэст нь тэрбээр улам донтож хий юм хардаг, тэр байтугай хөрш нь түүнийг хордуулахыг оролдож байна гэсэн хий төөрөгдөлд орж байнга шаналах болжээ. Аргагүйдэн эмнэлэгт очиход түүнийг натрийн бромидын хордлогын улмаас мэдрэлийн синдромтой болсон гэсэн онош гарч гурван долоо хоног хэвтэн эмчлүүлжээ. Гэвч эмнэлэгт байх явцдаа зугтахыг оролдсон тул сэтгэл мэдрэлийн тасагт шилжүүлжээ. Хэсэг хугацаанд сайтар эмчлүүлээд эмнэлгээс гарсан ч нойргүйдэл, үс унах зэрэг янз бүрийн сөрөг үр дагавар гарсаар байгаа аж. Тус улсын "Journal of Clinical Cases in Internal Medicine" сэтгүүлд саяхан ноён түүнд тохиолдсон явдлын талаар мэдээлэл нийтлэгджээ. Уг нийтлэлд "Хэрэв өвчтөн эмчээс тусламж хүссэн бол хэзээ ч натрийн бромид санал болгохгүй байсан” гээд AI систем нь шинжлэх ухааны үндэслэлгүй, контекстээс гадуурх мэдээлэл өгөх эрсдэлтэй болохыг анхааруулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







