АНУ: Цагаачдыг албадан гаргах ажилд өндөр цалин амлаж байна

АНУ: Цагаачдыг албадан гаргах ажилд өндөр цалин амлаж байна


   Дональд Трампын засаг захиргаа цагаачлалын эсрэг явуулж буй өргөн цар хүрээтэй ажлын хүрээнд Цагаачлал, гаалийн хяналтын албанд олон хүнийг өндөр цалинтайгаар ажилд авч байна. Дотоодын аюулгүй байдлын яам хууль бус цагаачдыг баривчлах, албадан гаргах ажиллагаа явуулахын тулд холбогдох албадад олон тооны хүнийг ажилд авахаар онцгой цалин, урамшуулал санал болгож байгаа аж. Боловсрол, эрдмийн зэрэг, цол зэрэг шалгуур тавихгүйгээр 40-өөс дээш насны хүмүүст зориулсан энэ шинэ ажлын байрыг тэтгэвэрт гарсан ахмадууд хүртэл сонирхох болжээ. Цалин нь албан тушаалаасаа хамааран 50-144 мянган доллар байх бөгөөд энэ нь томоохон хотуудад шинээр ажилд орсон цагдаа нарын цалингаас өндөр юм. Тус яам Америкийн төрийн далбааны зурагтай малгай, хүрэм өмссөн дунд эргэм насны цагаан арьст эр буюу "Сэм авга"-ын зурагтай, "Чи Америк оронд хэрэгтэй байна", "Манай албанд нэгдээрэй", "Эх орноо хамгаалъя" гэх мэт өгүүлбэр бүхий зурагт хуудас нийтэлсэн байна. Энэ талаар яамны сайд Кристи Ноэм "Энэ ажилд орохоор 110 мянга орчим хүн бүртгүүлсэн" гэж мэдэгджээ. Д.Трампын засаг захиргаа АНУ-ын түүхэн дэх хамгийн том албадан гаргах ажиллагааг явуулж байгаа бөгөөд цагаачлалын хууль сахиулах ажилд 150 тэрбум гаруй доллар зарцуулж, зургаадугаар сарын эцсийн байдлаар 144 мянган цагаачийг албадан гаргаад байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.