Байгалийн түүхийн музейн шинэ барилга нэг жилийн дараа ашиглалтад орно
Байгалийн түүхийн музейн шинэ барилгын ажил өнгөрсөн оны есдүгээр сараас Их тэнгэрийн амны 6.6 га газарт эхэлсэн билээ. Тус газарт анх 2019 онд зочид буудал, хурлын цогцолборын зориулалттай барилга баригдаж байгаад зогссон бөгөөд Засгийн газрын шийдвэрээр Байгалийн түүхийн музей болгохоор зураг төслийг нь өөрчлөн гүйцэтгэсэн ажлыг хөрөнгөд бүртгэж, улмаар төлбөрийг нь шийдвэрлэснээр барилгын ажлыг үргэлжлүүлсэн аж. Тэгвэл бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгааг тус газраас өнөөдөр мэдэгджээ. Музейн С блок буюу палеонтологийн танхимыг 2026 оны наймдугаар сард нээн ашиглалтад оруулах бөгөөд ногоон байгууламж, авто зогсоол зэргийг цогцоор нь шийдэх уг ажлын гүйцэтгэгчээр “Содон Номин констракшн” компани ажиллаж байна. Сонирхуулахад, Байгалийн түүхийн музейн суурь 1924 онд тавигдаж, 1956 онд шинэ байранд оржээ. 1991 онд Улсын төв музейн бүрэлдэхүүнээс гарсан тус музейн сан хөмрөгт өдгөө 12 мянга орчим үзмэр, эд өлгийн зүйл бий. Музейн шинэ барилга 45 мянга орчим хавтгай дөрвөлжин метр талбайтай бөгөөд одоо түр байрлаж байгаа Лениний музейн барилгаас 13 дахин том төдийгүй Азийн орнуудын байгалийн музейнүүдийн дунд талбайн хэмжээгээрээ долоодугаарт орох юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







