Жирийн тогоочоос дэлхий дахины хүндэтгэл хүлээсэн буяны үйлстэн болсон түүх
АНУ-ын Вашингтон хотод төвтэй, ашгийн бус “World Central Kitchen” (WCK) байгууллагын албаны хүн Газын зурваст айлчилж хүнсний тусламж үзүүлсэн тухайгаа хэвлэлд ярьсан байна. Испанийн нэртэй тогооч Хосе Андресийн 2010 онд үүсгэн байгуулсан тус байгууллагын эрхэм зорилго нь дайн, хар салхи, газар хөдлөлт зэрэг гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг хоол хүнсээр хангах, тэдэнд итгэл найдвар өгөх явдал ажээ. Х.Андрес "Хоол бол зүгээр нэг турж үхэхгүй амьд үлдэх тухай зүйл биш, хүний нэр төр, итгэл найдвар юм" гэжээ. 2023 оны аравдугаар сард дайн эхэлснээс хойш өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдалд орсон Палестины Газын зурваст WCK байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард уг байгууллагын долоон идэвхтэн Израилийн бөмбөгдөлтөд өртөж амиа алдсан ч байгууллга хүмүүнлэгийн үйлсээ үргэлжлүүлсээр байна. Х.Андрес 2010 онд Гаитид болсон газар хөдлөлтийн үеэр сайн дурын хүмүүнлэгийн ажил явуулж ирээд WCK-ийг байгуулсан аж. Түүнээс хойш Газын зурвас, Украин, Никарагуа, Камбож, Перу зэрэг 60 гаруй оронд ажиллажээ. Хатаасан эсвэл удаан хадгалсан хоол түгээдэг урьд өмнийн тусламжийн байгууллагуудаас ялгаатай нь тэд газар дээр нь халуун хоол хийж хүмүүст хүргэдэг. Дэлхийн сайн дурынхантай хамтран ажиллах боломжтой орон нутгийн бүтцүүдийн тусламжтайгаар онцгой байдлын үед түргэн шуурхай ажиллах тогтолцоо бий болгосон тус байгууллага Газын зурваст дайн эхэлснээс хойш 145 сая ширхэг хоол хүмүүст хүргэжээ. WCK-ийн хүчин чармайлтаар нээгдсэн далайн коридороор Газын зурваст олон зуун тонн хүмүүнлэгийн бараа хүргэсээр байна. Өнгөрсөн оны тавдугаар сард Америкийн “The Time” сэтгүүл WCK-ийг "Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 байгууллага"-ын нэгээр шалгаруулсан юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Газын зурваст Израилийн агаарын цохилтод WCK-ийн долоон идэвхтэн амь үрэгдсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, улмаар уг байгууллага дэлхий нийтийн анхаарлын төвд орсон юм. Энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден бухимдлаа илэрхийлж, хариуд нь Израилийн ерөнхий сайд Б.Нетаньяху тусгай мэдэгдэл гарган, алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, дахин давтагдахаас сэргийлнэ гэдгээ амласан юм. Хэрэг гарсны маргааш нь Ж.Байден Х.Андрес руу өөрийн биеэр утасдаж эмгэнэл илэрхийлжээ.
WCK мөн Украины 200 гаруй хотод хүнсний түгээлтийн сүлжээ байгуулж, 260 сая гаруй хоолоор хангасан бөгөөд 2022 онд дайн эхэлсний дараахан Украин-Польшийн хилийн дагуу найман гал тогоо нээж, дүрвэгсдийг хоолоор хангахаас гадна хүнсний ногоо тариалах төсөл хэрэгжүүлсэн юм. Өмнө нь тусламжийн байгууллагууд хүрч чаддаггүй байсан Харьков зэрэг галын шугамд орших хотуудад мөн хүрч хүнсний тусламж хүргэж байсан билээ. Х.Андрес нь Нью-Йорк, Лас Вегас зэрэг хотуудад 20 гаруй зоогийн газар эзэмшдэг юм. Түүний бизнес ихээхэн амжилтанд хүрсэн ч "Олон хүнийг хооллохоос илүү өлсөж буй хүмүүсийг цатгах нь илүү дээр" гэсэн итгэл үнэмшилд тулгуурласан түүний буяны үйлс хоолны талаарх Америкийн элитүүдийн ойлголтыг эрс өөрчилсөн гэж үздэг. Тэргүүн хатагтай асан Жилл Байден, дэд ерөнхийлөгч асан Камала Харрис зэрэг хүмүүс WCK-ийн буяны үйлсийг байнга дэмжиж, хүчин чармайлтыг нь үнэлсээр ирсэн юм. Түүгээр үл барам Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси 2019 онд Х.Андресийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлж, ерөнхийлөгч асан Барак Обама Үндэсний хүмүүнлэгийн үйлсийн одонгоор шагнасан билээ. Хамгийн сүүлд тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Бид өнгөрсөн долоо хоногийн турш Газын зурваст байж байгаад ирлээ. Бид зорилгодоо хүрсэн. Идэвхтнүүдийнхээ аюулгүй байдалд бүх анхаарлаа хандуулж байна" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







