Өмнөд Солонгосын коммунист үзэлтэн Умард руу гарахыг завдаад саатуулагдав

Өмнөд Солонгосын коммунист үзэлтэн Умард руу гарахыг завдаад саатуулагдав


   Өмнөд Солонгосын коммунист үзэлтэн, эдүгээ 95 настай Ан Хак Соп өчигдөр Панмунжомын хилийн бүсээр нэвтрэн Хойд Солонгос руу гарахыг оролдоод саатуулагдсан байна. Тодруулбал, Ардын ардчилсан намын гишүүд болон дэмжигчдээс бүрдсэн бүлэг тухайн өдрийн өглөөний 10 цагт хилийн бүсийн Имжинган өртөө, Эв нэгдлийн гүүрний дэргэд жагсаал хийж Ан Хак Сопыг эх оронд нь буцаахыг уриалжээ. Энэ үеэр Ан Хак Соп машинаар Эв нэгдлийн гүүрний урд үзүүрт ирээд таяг тулан алхаж гүүрээр нэвтрэн гарахыг завдсан байна. Хилийн албаныхан түүнийг хилийн хориотой бүс рүү зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэмээн үзэж саатуулжээ. Эв нэгдлийн гүүрийг нэвтрэхэд цэргийн зөвшөөрөл шаардлагатай, цаашлаад DMZ буюу цэрэггүй бүсэд нэвтрэхийн тулд НҮБ-ын командлалын зөвшөөрөл авах ёстой бөгөөд зөвшөөрөлгүй нэвтрэх нь Цэргийн бааз, байгууламжийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн үйлдэл болдог. Умард Солонгосын далбаа намируулан хилийн бүсэд нэвтэрч саатуулагдсан түүний биеийн байдал муудсан тул түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэсэн байна. Өмнө нь тэрбээр "Би үзэл бодлоосоо татгалзаагүйн төлөө олон жилийн доромжлол, хүчирхийлэл амссан. Сүүлийн үед нас өндөр болж эмнэлгийн байнгын хяналтад байна. Японы колоничлолын үед төрж өссөн миний бие америкчуудын доромжлол, тохуурхлыг амссаар энд нас барна гэдэг үнэхээр гунигтай байна” хэмээн мэдэгдэж байсан юм. Түүнийг дэмжигч бүлгийн ахлагч Энхтайвны сүмийн пастор Ли "Ан гуай шоронгоос суллагдсаныхаа дараа очих газаргүй болсон тул хилийн бүсийн орчинд амьдарч, АНУ-ын цэргийг Өмнөд Солонгосоос гаргах кампанит ажлыг арав гаруй жил хийж ирлээ. Тэр бол Хойд Солонгосоос олзлогдсон хүн. Олзны хүн эх орондоо буцах бүрэн эрхтэй” гэсэн байна. Инчоны Ганхва аралд төрсөн тэрбээр Солонгосын дайны үеэр Хойд Солонгосын армид элссэн бөгөөд дайнд оролцож яваад 1953 оны дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын талд баривчлагдан Үндэсний батлан ​​хамгаалах, аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн хэргээр 42 жил шоронд хоригдоод 1995 онд суллагдсан юм. Ерөнхийлөгч Ким Дэ Жүний засаглалын үед буюу 2000 оны зургаадугаар сард болсон Умард, Өмнөд Солонгосын дээд хэмжээний уулзалтын дараа, дайны үеэр олзлогдсон 63 хүнийг Умард руу гаргасан боловч Ан Хак Соп “Америкийн цэргүүдийг өмнөд нутгаас бүрэн гарах хүртэл тэмцэнэ" гэж мэдэгдээд Өмнөд Солонгост үлдсэн ажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.