ОХУ: Цөмийн хөлөг онгоцны ахмадаар эмэгтэй хүн томилогджээ
Оросын төрийн мэдлийн “Росатом” корпорацийн “Ямал” цөмийн хөдөлгүүрт, мөс зүсэгч хөлөг онгоцны ахмадаар эмэгтэй хүн томилогдсон талаар ТАСС агентлаг өнөөдөр мэдээллээ. Энэ нь цөмийн хөдөлгүүртэй хөлөг онгоцны ахмадаар дэлхийд анх удаа эмэгтэй хүн ажиллах болсон явдал гэдгийг тус агентлаг онцолжээ. Марина Старовойтоваг энэ тушаалд томилсныг Нижний Новгород хотод болсон Оросын цөмийн салбарын 80 жилийн ойн арга хэмжээн дээр албан ёсоор зарласан байна. Эдүгээ 46 настай М.Старовойтова дунд сургууль төгсөөд дээд мэргэжил эзэмшин багшилж байгаад удалгүй ажлаасаа гарч цөмийн хөдөлгүүрт “Севморпуть” ачааны онгоцонд саналаараа ажиллах болжээ. Улмаар 2006 онд Санкт-Петербург хотын Тэнгисийн цэргийн академид элсэн эчнээгээр төгссөн бөгөөд үүнээс хойш цөмийн хөлөг онгоцон дээр тасралтгүй ажилласан байна. Шинэ албан тушаалд томилогдохынхоо өмнө тэрбээр “Ямал” хөлөг онгоцны ахмадын ахлах туслахаар ажиллаж байжээ. 1989 онд ашиглалтад орсон “Ямал” хөлөг нь Хойд туйлд хүрсэн долоо дахь цөмийн хөлөг онгоц юм. 147 метр урт, хоёр цөмийн хөдөлгүүртэй энэ онгоцны багт 145 хүн ажилладаг байна. Өнөөдөр цөмийн хөдөлгүүрт, мөс зүсэгч хөлөг онгоц зөвхөн ОХУ-д байдаг бөгөөд тус улсад ийм төрлийн 10 шахам хөлгийг ашиглаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







